Орон нутгийн сонгуулийн үр дүнгийн талаар ХҮН намаас өчигдөр мэдээлэл хийв. 2024 оны орон нутгийн сонгуулиар ХҮН нам аймаг, нийслэл, сум, дүүрэгт 400 орчим төлөөллөө нэр дэвшүүлжээ. Санал хураалтын дүнд тус намаас гурван төлөөлөгч Архангай, Сэлэнгэ, Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал (ИТХ)-д сонгогдсоныг УИХ-ын гишүүн П.Ганзориг хэлсэн. Мөн нийслэлийн Багануур, Хан-Уул дүүргийн ИТХ-д төлөөлөл нь сонгогдсон байна.
Энэ удаагийн сонгуулийн үр дүнтэй холбоотойгоор тус намынхан цөөнгүй санал, дүгнэлт гаргахаар ажиллаж буй гэв. Тухайлбал, тэд “Нийслэлийн ИТХ-д 45 төлөөлөл нэр дэвшүүлсэн. МАН нийт сонгогчийн 51 орчим хувийн саналыг авсан. Тэгсэн хэрнээ нэр дэвшүүлсэн төлөөллийнх нь 90 хувь нь сонгогдчихсон. Энэ бол мажоритар тогтолцооны гажуудал. Тиймээс цаашид орон нутгийн сонгуулийн тогтолцоог зайлшгүй өөрчлөх шаардлагатай. Сонгогчдын ирц түүхэндээ хамгийн бага хувьтай байсан. Улаанбаатарт нийт сонгогчийн 60 хувь нь саналаа өгсөнгүй. Орон нутгийн сонгуулийг пропорционал тогтолцоо руу шилжүүлэхэд манлайлж ажиллана” гэж ярилаа.
ХҮН намын нийслэлийн намын хорооны дарга Э.Золзаяа “Намынхаа санал хураалтын дүн, нөхцөл байдал, тоон мэдээлэлд анализ хийсэн. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн саналын 51 хувийг МАН, 34 хувийг АН, 15 орчим хувийн саналыг ХҮН нам авсан. МАН хотыг сэргээнэ гэсэн. Энэ мөрийн хөтөлбөрөө бодитоор биелүүлэхийг нь хүлээх үлдлээ. Хамгийн гол нь хотоо хөгжүүлье, иргэдээ эмх цэгцтэй, тайван сайхан орчинд амьдруулъя гэсэндээ хүрэх хэрэгтэй. Элдэв шалтаг тоочихгүйгээр метрогоо барь, дүүжин тээврээ явуул, агаарын бохирдлоо бууруул, түгжрэлийг шийд гэсэн шахалтыг бид үзүүлсээр байх болно” хэмээв.
О.УНДРАХ