Говь-Алтай аймгийн Нарансэвстэйн боомт нээхийг эсэргүүцэж буй иргэний нийгмийн байгууллага, иргэдийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид, хуульч, сэтгүүлчдийг хүлээн авч уулзлаа. Тэдний зүгээс тус боомтыг нээж, зам барьснаар байгаль орчны эко систем алдагдаж, ховор ан амьтан, ургамал устан үгүй болох талаар санал бодлоо илэрхийллээ.
Төр аливаа шийдвэр гаргахдаа иргэнийхээ үгийг сонсдог, тэдний оролцоог бүрэн хангадаг байх ёстой. Тиймээс Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Боомтын сэргэлтийн Үндэсний хороо, иргэдийн төлөөлөл хамтран ажлын хэсэг байгуулж, асуудлаа олон талаас ярьж, зөвшилцөх чиглэл өглөө. Олон нийтийн байгууллага, эрдэмтэд, иргэдийн санаа бодлыг тусгаж, байгаль орчин, нийгмийн эрсдэл, нөлөөллийг тодорхойлох цогц үнэлгээ, судалгаанд үндэслэж Нарансэвстэйн боомт нээх эсэхийг шийдвэрлэнэ.