Утаа угаар тартагтаа тулсан энэ өдрүүдэд нийслэлчүүд Улаанбаатар дахь агаарын чанарын суурин харуулуудын мэдээллийг нийгмийн сүлжээнд түгээдэг “чухал” ажилтай болов. Төр засаг нь бодит байдлаа хүлээн зөвшөөрч, эрсдэлээс сэргийлэх мэдээлэл, зөвлөгөөг иргэддээ хүргэхгүй байгаа тул олон нийт цахим хэрэгслийн тусламжтайгаар агаарын чанарыг тандаж, суурин харуулуудын үзүүлэлтийг “харуулдаж” суухаас аргагүйд хүрсэн юм. Гэтэл агаарын чанарын үзүүлэлтийн гол эх сурвалж болсон суурин харуулууд нь бохирдлын түвшнийг илт алдаатай, худал мэдээлж, иргэд, олон нийтийг төөрөгдүүлсээр байна.
Улаанбаатар хотын агаарын чанарын мэдээллийг иргэд agaar.mn вэб сайт болон аппликэйшнээс авдаг. Эдгээр нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд харьяалагддаг ч өдөр тутмын үйл ажиллагааг нь ЦУОШГ хариуцдаг. Тодруулбал, тус вэб сайт, аппликэйшн нь Улаанбаатар хот дахь 19 суурин харуулын мэдээллийг дамжуулдаг. Нийслэлийн аль бүсэд хамгийн их утаатай, хаана агаар цэвэр байгааг байршил тус бүрээр, чанарын үзүүлэлттэй нь дэлгэрэнгүй үзүүлдэг билээ. Дотооддоо ашигладаг вэб сайт, аппликэйшн үүнээс өөр үгүй. Тиймээс иргэд хамгийн өргөн ашигладаг, бас итгэдэг юм. Гэвч энэ нь бохирдлын үзүүлэлтийг эрс бууруулж харуулдгийг АНУ-ын ЭСЯ-ны Зуун айл орчимд суурилуулсан хэмжигч төхөөрөмж баталж байна. Хотын хамгийн их бохирдолтойд тооцогддог тус бүсийн агаарын чанарын индексийг энэ хоёр сайтаас хэдийд ч харсан мэдээлэл нь илт зөрж буй. Тухайлбал, энэ сарын 16-ны 10.00 цагт Зуун айл орчимд агаар бохирдуулагч бодис хүлцэх хэмжээнээс давж, аюултай түвшинд хүрснийг гадаадын байгууллагын хэмжигч төхөөрөмж мэдээлэхэд манай улсынх “бохирдолтой” ангилалд харуулж байв. “AirNow” сайт Зуун айл орчмын агаарын чанарын индексийг тухайн мөчид 667 гэж харуулахад Монголын agaar.mn-д 226 гэж мэдээлсэн. Индекс хоорондын зөрүү нь бүхэл бүтэн 441 нэгж гээд төсөөл дөө. Нийслэлчүүд ДЭМБ-ын зөвшөөрөгдөх хэмжээнээс 40-70 дахин бохир агаараар амьсгалдгийг ЭСЯ-ны төхөөрөмж илчилсээр байхад Монголынх “бохирдолтой”, “бага бохирдолтой” гэж мэдээлсээр буй нь харамсалтай.
АНУ-ын “AirNow” вэб сайт нь дэлхий дахинд суурилуулсан, сүүлийн үеийн дэвшилт төхөөрөмжүүддээ тулгуурлан агаарын чанарын индексийг хамгийн бодитой тооцож, мэдээлдэг. Түүнчлэн дэвшилт технологи үйлдвэрлэлээр алдартай, Шинэ Зеландын “Aeroqual” компанийн тусгай төхөөрөмжөөр Улаанбаатарт дурын байршилд агаарын бохирдлыг хэмжихэд суурин харуулуудынхаас зөрүүтэй, өндөр үзүүлэлт гарч байгааг судлаачид тогтоосон. Тэгэхээр асуудал тэдэнд биш, бидэнд, илүү тодруулбал, манай улсын дотооддоо ашигладаг хэмжигч төхөөрөмжүүдэд бий гэсэн үг. Бид төрийн байгууллагынхны мэдээлж, танилцуулдгаас хэд дахин бохир, хортой агаараар өдөр тутам амьсгалдаг нь нэгэнт тодорхой боллоо. Дээрээс нь манай улсын агаарын чанарын индекс тооцох аргачлал олон улсын жишгээс гажууд, иргэдэд халтай гэгддэг. Тиймээс бид агаарын чанарын суурин харуул, аппликэйшн, вэб сайтуудын мэдээлэлд итгэж, тайвшрах аргагүй аж. Энэ системийг хүн бүтээсэн, өдгөө ч төрийн байгууллагынхны хяналтад буй. “Салхигүй учраас л утаа ихсээд байна” гэж муйхарладаг сайд, дарга, мэргэжилтнүүд магадгүй эдгээр системийг хөшигний цаанаас удирдаж, хэдийд ямар тоо “гаргах”-ыг тааллаараа шийддэг байхыг үгүйсгэхгүй.
Монгол Улсад агаарын бохидлын эх үүсвэрийг тогтоох, хэмжих, хянах цогц систем хэрэгтэйг өнгөрсөн онд Улаанбаатар хотод болсон “Цэвэр агаар” дээд түвшний чуулга уулзалтын үеэр олон улсын төлөөлөгчид хөндөж байв. Үнэхээр л бидэнд бохирдлын түвшнээ бодитоор хэмжиж, хянадаг тогтолцоо хэрэгтэй байна шүү дээ. Иргэд амьдран буй орчин, амьсгалж байгаа агаарынхаа талаар бодитой мэдээлэл авах эрхтэй билээ. Ташрамд дурдахад, Засгийн газар өчигдрийн хуралдаанаараа “Яндангүй бүс” бий болгох шийдвэр гаргаж, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог сэргээн байгуулав.