Дэлхийн хэмжээнд цахим орчин дахь уламжлалт, тэр дундаа Google хайлтын системийн хандалт эрс буурсныг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ. Учир нь хэрэглэгчид хүссэн мэдээллээ оновчтой, шүүлтүүртэйгээр богино хугацаанд цуглуулах боломжтой, хиймэл оюун ухаан (AI)-д суурилсан хайлтын бусад системийг сонгох болж. Үүний нэг нь ChatGPT бөгөөд монголчууд ч сүүлийн үед түгээмэл ашиглаж буй билээ.
ChatGPT нь “OpenAI” компанийн 2022 оны сүүлчээр боловсруулсан хиймэл оюун ухааны нэгэн загвар бөгөөд хүн төрөлхтний бүх хэлээр харилцах чадвартай чатбот гэдгээрээ онцлогтой. Generative pre-trained transformer (GPT) технологид суурилсан, гол үүрэг нь бичгийн хэлний мэдээллийг ойлгож, харилцан боловсруулж, хариулт өгөх. Тус компанийнхан ChatGPT-гээр ажилладаг интернэт хайлтын функцийг нээлттэй болгосноор хэрэглэгчдэд хүссэн асуултдаа хариулт авах боломжийг бүрдүүлжээ. Тодруулбал, ChatGPT нь хэрэглэгчдэд хайсан мэдээллийг нь цуглуулж өгөхдөө маш богино хугацаа зарцуулах бөгөөд хариултыг цэгцтэй, системтэй, холбогдох бүх эх сурвалжтай нь илгээдгээрээ давуу талтай. Энэ нь харилцагч нарт тухайн мэдээллээ лавшруулан судлах боломж олгодог байна. Тиймээс сонирхсон мэдээллээ ChatGPT-гээс хайхдаа асуултаа илүү нарийвчлалтай, ойлгомжтой бичиж илгээвэл тэр танд хамгийн боловсронгуй, товч тодорхой баримтыг хэдхэн секундийн дотор гаргаж өгөх чадвартай. Өөрөөр хэлбэл, ChatGPT цахим орчин дахь нээлттэй бүх эх сурвалжаас хэрэглэгчийн хайсан мэдээллийг шүүн, эмхэлж өгдөг учраас энэ төрлийн судалгааны ажлын хугацааг 50-80 хүртэлх хувиар хэмнэх болжээ.
Интернэт хэрэглэгчид технологийн энэ мэт дэвшлийг дагаад сүүлийн үед улам залхуу болж буй тухай шүүмжлэл ч газар авсан. Тухайлбал, ресторан, үзвэр үйлчилгээ, зочид буудлын захиалга зэрэгт ChatGPT хайлтын системийг хамгийн түгээмэл хэрэглэж буй гэсэн судалгаа гарчээ. Мөн түүгээр эсээ, шүлэг бичүүлэх, ганцаардсан сэтгэлээ “уудлах” зэргээр ашиглах болсон нь ChatGPT-гийн оюун ухаан бусад чатботоос ялгаатай, яг л хүнийх шиг байдагтай нь холбоотой гэнэ. Сонирхуулахад, ChatGPT эхлээд тухайн хэрэглэгчийн хүссэн мэдээллийн холбоосыг харуулна. Шаардлагатай бол дараа нь нэмэлт мэдээлэл өгнө. Харин төлбөр төлсөн хэрэглэгчдэдээ нарийвчилсан дуут горимоор дамжуулан бодит цагийн вэб шинэчлэлүүдэд хандах боломжийг олгодог байна. Энэхүү чатботын араас AI-д суурилсан, илүү хүчтэй, найдвартай “Perplexity” гэх технологи дэлхийд эрчийг авч эхэлжээ. Энэ нь ChatGPT, “Google” хайлтыг хослуулсан гэдгээрээ давуу талтай аж.
О.Ундрах