Монголчууд бид Үндсэн хуульдаа байгалийн баялгаа ашигласны өгөөжөөс хүртэнэ гэдгээ баталгаажуулаад цөөнгүй жилийг үдэв. Тодруулбал, Үндсэн хуулийн 6.1-т “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэсэн бол 6.2-т нь “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн.
Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ.
Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” хэмээн заасан билээ.
Монгол орон газрын хэвлийн үүцээ дэлгэж, гадаад, дотоодын аж ахуйн нэгжүүдэд байгалийн баялгаа ашиглуулснаас хойш олон он улирч буй. Стратегийн ач холбогдолтой нэг бус ордоо ашигласны өгөөжөөс хувь хүртэж, тодорхой хэмжээний мөнгө дансандаа хүлээн авсан явдал ч бий. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний 116 дугаар тогтоолын хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааныхаа үр өгөөжөөс хүртэж байсан билээ. Бас Салхитын мөнгөний ордын өгөөжийг хүртэж ахмад настнууд тэтгэврийн зээлээ нэг удаа тэглүүлснийг ч уншигчид мартаагүй.
Газрын хэвлийгээ ашиглаж, байгалийн баялгаа зарж борлуулан Монгол Улс авдартаа мөнгөө хуримтлуулж эхэлснээр улс төрчид сонгуульд оноо авах хэрэгсэл болгон бэлэн мөнгө тараах шийдвэр гаргаж цацах болсон. Ингэснээр бэлэнчлэх сэтгэлгээтэй хүмүүсийг олноор бий болгосон гэдэгтэй олон хүн санал нэгдэнэ. Энэ мэтээр тараасан өгөөжийг хуримтлуулан үр ашигтай зүйлд зарцуулсан бол... гэх хүмүүс ч бий.
Монгол орны газрын хэвлий дэх байгалийн баялгийг агуулж буй тодорхой газруудыг УИХ-ын тогтоолоор стратегийн ач холбогдолтой ордын жагсаалтад хамруулсан. Тодруулбал, Тавантолгой, Нарийнсухайт, Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний, Мардай, Гурванбулаг, Дорнодын ураны, Төмөртэйн төмрийн хүдрийн, Оюутолгой, Цагаан суварга, Эрдэнэтийн зэс, молибдений, Бүрэнхааны фосфоритын, Асгатын мөнгөний, Төмөртэйн овооны цайр, хар тугалгын, Бороо, Гацууртын алтныхыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж тооцсон билээ. Тэгвэл Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий орд газруудаа эдийн засгийн эргэлтэд оруулж үнэ цэн, үр өгөөжийг бий болгох зорилготойгоор “Эрдэнэс Монгол” компанийг байгуулсан. Ингэснээр уул уурхайн чиглэлийн төрийн өмчит компаниудаа түүнд нэгтгэсэн. Өдгөө “Эрдэнэс Монгол”-д алт, мөнгө, зэс, нүүрс, хүдэр зэрэг ашигт малтмал хайх, олборлох, баяжуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 31 компани багтсан байдаг.
Энэ “Эрдэнэс Монгол” компанийн давуу эрхийн хувьцааг Монгол Улсын иргэн бүрд олгох Засгийн газрын тогтоол байдгийг хүмүүс төдийлөн мэддэггүй. Тиймдээ ч түүнээс хувь, хишиг хүртэх талаар сөхдөггүй болов уу. Засгийн газрын 2012 оны зургаадугаар сарын 25-ны 218 дугаар тогтоолд “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн нэг ширхэг давуу эрхийн хувьцааг хүн ам, өрхийн бүртгэлд бүртгэгдсэн, иргэний харьяаллын зөрчилгүй Монгол Улсын иргэн бүрд үнэ төлбөргүйгээр эзэмшүүлэхээр заасан. Мөн уг тогтоолд “Жил бүрийн хүн амын өсөлтийг харгалзан “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн давуу эрхийн хувьцаа нэмж гаргах асуудлыг тухай бүр зохих журмын дагуу шийдвэрлэж байхыг Төрийн өмчийн хороо, “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд үүрэг болгосноос гадна давуу эрхийн хувьцаа эзэмшигчийн бүртгэлийг хөтлөх ажлыг зохих журмын дагуу зохион байгуулахыг “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага, “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийнханд даалгасан байдаг. Тухайн үеийн Ерөнхий сайд С.Батболд, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нарын гарын үсэгтэй уг тогтоолын дагуу давуу эрхийн хувьцааны өгөөжийг иргэд бид хүртсэн бил үү. Эрхэм уншигч та бүхэн бодоод үзээрэй.
Уг нь эл тогтоолыг хэрэгжүүлэхийн тулд 2017 оны тавдугаар сарын 30-нд Засгийн газраас 154 дүгээр тогтоол баталсан байдаг юм билээ. Тогтоолын хоёр дахь заалтад “Монгол Улсын хүн амын өсөлттэй уялдуулан “Эрдэнэс Монгол” ХХК-ийн давуу эрхийн хувьцааг нэмэгдүүлж, Монгол Улсын иргэн бүрд эзэмшүүлсэн нэг ширхэг давуу эрхийн хувьцааны бүртгэлийг баталгаажуулах арга хэмжээ авахыг тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөл, “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д даалгасан аж.
Давуу эрхийнх гэдэг нь энгийн хувьцааны ноогдол ашиг хуваарилахаас өмнө үр өгөөжийг нь хүртэх боломжтой, компани татварын дараах цэвэр ашгаас нэн тэргүүнд давуу эрхийн хувьцааны ноогдол ашгийг, дараа нь энгийнийг олгох ёстой байдаг.
Монголчууд сүүлийн жилүүдэд үнэт цаасны зах зээлийн талаарх мэдлэг нь ахиж буй ч давуу эрхийн хувьцааныхаа үр шимийг хүртсэн, эсэхээ төдийлөн мэдэхгүй л яваа. “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийнхнаас өнгөрсөн баасан гарагт энэ талаар тодруулахаар очсон боловч “Санхүүгийн зохицуулах хороонд хуралтай байгаа учраас хариулт өгөх хүн алга” хэмээн харуул цагдаа нь хэлэв. Харин “Эрдэнэс Монгол” ХХК-ийнхан “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн нэг ширхэг давуу эрхийн хувьцааг хүн ам, өрхийн бүртгэлд бүртгэгдсэн, иргэний харьяаллын зөрчилгүй Монгол Улсын иргэн бүрд үнэ төлбөргүйгээр эзэмшүүлэх тухай шийдвэр Засгийн газрын 2012 оны зургаадугаар сарын 25-ны өдрийн 218 дугаар тогтоолоор гарсан. Уг тогтоолын хэрэгжилтийг хангахын тулд Засгийн газрын 2024 оны нэгдүгээр сарын 31-ний тогтоолын хүрээнд “Эрдэнэс Монгол” нэгдэл нь бүрэлдэхүүн дэх “Эрдэнэс Тавантолгой” ХК-иар дамжуулан 2012 оны дөрөвдүгээр сараас хойш төрсөн Монгол Улсын 893 432 иргэнд шинээр 1072 хувьцаа эзэмшүүлэх шийдвэрийн хэрэгжилтийг ханган ажилласан. Ингэснээр Монгол Улсын нийт 3.4 сая иргэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг эзэмшиж байна” гэсэн тайлбар өгөв.