Сурагчдын амралт эхэлж буйтай холбогдуулан иргэдийг агаарт гарах нөхцөл бүрдүүлэхийн тулд хот орчмын зарим чиглэлд автобус явуулахаар болсон гэнэ. Үүний тулд нийслэлийн ИТХ болон ЗДТГ-ынхан хамтран иргэдээс цахимаар санал асуулга авч, хаашаа автобус явуулах, бас зорчих үнэ хэд байх шаардлагатайг тодруулсан аж. Ингэхдээ цэвэр агаарт цагийг ая тухтай өнгөрөөх амралт, жуулчны баазууд руу хүргэх нийтийн тээврийн хэд хэдэн тусгай чиглэлийг олон нийтэд санал болгосон аж.
Санал асуулгад 1000 гаруй иргэн оролцсоноос олонх нь Тэрэлж болон “Скай ресорт” руу гэр бүлээрээ агаарт гарах хүсэлтэйгээ илэрхийлжээ. Тиймээс дээрх хоёр чиглэлд энэ сарын 21-нээс автобус явуулахаар шийдвэрлэсэн гэнэ. Тодруулбал, Офицеруудын ордон-Налайх-Тэрэлж чиглэлд хоёр автобус явуулах аж. Нэг автобус нь Офицеруудын ордноос 10.00, 12.50, 15.20, 18.10 цагт хөдлөх юм байна. Нөгөөх нь Тэрэлжээс 12.50, 15.40, 18.30, 21.20 цагт буцан ирэх гэнэ. Энэ чиглэлд хүүхэд 1200, том хүн 2300 төгрөгөөр зорчих нь.
Сүхбаатарын талбай-“Скай ресорт” чиглэлд мөн хоёр автобус явуулах гэнэ. Нэг нь Сүхбаатарын талбайгаас 10.00-18.07 цагийн хугацаанд найман удаа “Скай ресорт” руу зорчих аж. Тэгвэл нөгөө автобусыг нь “Скай ресорт”-оос 11.20-19.27 цагийн хугацаанд мөн найман удаа хотын төв рүү явуулах төлөвлөгөө гаргасан байна. Уг автобусаар зорчихын тулд хүүхэд 500, том хүн 1000 төгрөг төлөх нь.
М.Оч