МҮОХ-ын гишүүд Боловсролын сайд П.Наранбаяртай уулзаж, хамтын ажиллагааны тухай санал солилцохдоо олимпын үнэт зүйлсийн боловсрол олгох хөтөлбөрийг танилцуулав. Ерөнхий боловсролын сургуулиудад уг хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүүхдүүдэд олимпын соёл, боловсролыг түгээн дэлгэрүүлэх, биеийн тамирын багш нарын хөдөлмөрийн үр дүнг нэмэгдүүлэх талаар зөвлөлдлөө. Тус хорооноос 2030 онд залуучуудын олимпын наадмыг эх орондоо зохион байгуулах хүсэлтээ ОУОХ-нд гаргаснаа дурджээ. Уг олимпын наадмаар спортын тэмцээнээс гадна соёл, боловсролын хөтөлбөрүүд түлхүү хэрэгжүүлдгийг онцолсон байна.
Боловсролын сайд П.Наранбаяр олимпын үнэт зүйлс болох хүндлэл, нөхөрлөл зэрэг чанар нь хувь хүний хөгжилд чухал ач холбогдолтойг онцолж, хойшид хамтран ажиллахаа илэрхийлсэн байна. ОУОХ-ноос санаачлан боловсруулсан OVEP хөтөлбөрийг 20 дахь жилээ дэлхийн 60 гаруй оронд амжилттай хэрэгжүүлж буй. Эл хөтөлбөр нь боловсролын сэдвүүдийг өсвөр үеийнхний эерэг хөгжлийн зарчмуудтай хослуулсан байдлаар спорт, биеийн тамирын дасгал хөдөлгөөн хэлбэрээр хэрэгжүүлдгээрээ хүүхдийн нийгэм, танин мэдэхүй, бие бялдар, сурлага, хүмүүжил, төлөвшилд хамгийн тохиромжтой сургалтын арга зүйн хэв загварт тооцогддог аж.