Улаанбаатарын агаарын бохирдол хэрээс хэтэрснийг иргэд байнга шүүмжилж буй ч албаныхан тоохгүй байсаар өдий хүрсэн. Нөхцөл байдал үнэхээр хүндэрсэн нь ойлгомжтой тул Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ямартай ч нэг алхам хийе гэж тооцсон бололтой. Тэрбээр УИХ-ын болон Засгийн газрын гишүүд, холбогдох албаныхантай өчигдөр уулзаж, агаарын бохирдлыг бууруулах үүрэг өгчээ. Гэвч утааны эсрэг арга хэмжээ авах ёстой гол албан тушаалтнууд болох Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нар дээрх уулзалтад оролцоогүй гэнэ. Тэд гадаадад яваа л сурагтай.
Хотын утааны гол буруутнаар нэрлэгдээд буй сайжруулсан түлшний “автор” нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх. Тэрбээр 2018 онд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа түүхий нүүрсийг хориглож, сайжруулсан түлш хэрэглэх санаачилга гаргасан билээ. Уг түлшний чанар, найрлагыг муутгаснаас болоод утаа ихэссэн гэж Ерөнхийлөгч “оношилж” байгаагаа уулзалтын үеэр дурджээ. Тиймээс түлшний найрлага, ялангуяа барьцалдуулагчийг нь шинжлэн сайжруулахад анхаарах хэрэгтэйг албаныханд сануулж, энэ чиглэлийн хяналт шалгалтыг эрчимжүүлэхийг даалгасан аж. Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаярын хэлснээр бол түлшийг хатааж амжилгүй буюу чийгтэй үед нь борлуулж, улмаар айлууд түлснээс шалтгаалаад утаа ихэссэн гэсэн мэдээллийг “Тавантолгой түлш”-ийнхэн өгсөн гэнэ.
Ч.Зул