Монголын авто мастеруудын холбооны Удирдах зөвлөлөөс баталсан дүрмийн дагуу энэ онд залуу тамирчдад тус бүрд нь оноо олгож, шилдгүүдийг тодруулахаар болсон. Залуучуудын аваргаар “Төмөрт хүлэг” клубийн тамирчин, 107 дугаартай уралддаг Ч.Батчулуун 217 оноогоор тодорлоо. Өдгөө 20 настай тэрбээр шилдгээр шалгарсан тамирчдаас хамгийн залуу нь. Түүнчлэн “VX motors LLC мастер кросс финал-2024” уралдааны сүүлийн гараанд “Аваргууд” клубийн тамирчин, 147 дугаартай Ц.Дашням залуучуудын оноо (29)-гоор тэргүүлэв. Цуврал уралдаанд авсан онооны байдлаар сүүлийн хоёр гараанд дараалж түрүүлсэн “VX motors” клубийн тамирчин, 36 дугаартай спортын мастер Л.Ариунболд аварга болсон.
Энэ удаа SUV ангилалд хурд сорьсон тамирчдаас “Tоп3” багийг шалгаруулахад ОУХМ Ц.Батзаяа, М.Энх-Амгалан нар I байр эзлэв. ОУХМ Ш.Гансүх, спортын мастер Ц.Гансүх нар II, спортын мастер О.Ууганбаяр, спортын дэд мастер С.Ганбат III байрт шалгарсан юм. SSV ангилалд ОУХМ Ө.Бямбадэлгэр, Б.Тэгшдүүрэн нар тэргүүлж, дэд байрт ОУХМ А.Пүрэвдорж, Б.Сүх-Очир, гутгаарт Н.Шижир, Б.Хосбаяр нар тодорчээ.
Тэгвэл мотоциклын ангилалд спортын мастер Б.Ринчин, Б. Батмөнх, ОУХМ Б.Ган-Од нар бусдыгаа хошуучилж, эхний гурван байрт жагслаа. Авто спортын УАЗ ангиллын энэ онд зохион байгуулсан УАШТ-д 100 гаруй тамирчин өрсөлдсөнөөс 53 нь оноо хүртсэн. Тэднээс 68 дугаартай, ОУХМ Ш.Гомбодорж (180 оноо) аваргуудын жагсаалтыг тэргүүлэв.