Монгол, Японы харилцааг дэмжих “Түншийн холбоо” нийгэмлэгийнхэн 30 жилийн ойгоо энэ сарын 18-нд тэмдэглэлээ. Монгол Улсаас Японд суусан анхны Элчин сайдаар ажиллаж байсан С.Дамбадаржаа агсан санаачилж, хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд гар бие оролцож байсан хүмүүс нэгдсэнээр 1994 онд тус нийгэмлэгийг байгуулж байжээ. Тэр цагаас хойш Монгол, Япон Улсын найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр олон чухал үйл ажиллагаа явуулж ирсэн аж. Тухайлбал, хоёр орны харилцааны түүхэн тэмдэглэлт үйл явдлуудыг тэмдэглэн өнгөрүүлэх, баримтат кино хийх, ном товхимол хэвлүүлэх, эрдэм шинжилгээний бага хурал, форум зохион байгуулах, урлаг, соёл, боловсролын болон хүмүүнлэгийн үйл ажиллагааг дэмжих зэргээр өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулж байна.
“Түншийн холбоо” нийгэмлэгийнхэн цаашид хоёр улсын найрсаг харилцааг бэхжүүлэх зорилго бүхий үндсэн үйл ажиллагааны зэрэгцээ Монгол, Японы худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд түлхүү анхаарч ажиллахаа ойн баярын үеэр илэрхийлсэн байна. Монгол, Япон Улсын хооронд Соёлын солилцооны хэлэлцээр байгуулсны 50 жилийн ой мөн энэ онд тохиож буй. Үүнтэй холбоотойгоор академич Ц.Батбаяр “Монгол, Японы соёлын харилцаа 50 жилд” сэдэвт илтгэлийг хэлэлцүүлжээ.