Их, дээд болон мэргэжлийн сургуулийн суралцагчид зэрлэг амьтдад ээлтэй шугаман дэд бүтцийн талаар судалж байгааг Дэлхийн байгаль хамгаалах сангаас мэдээлэв. МУИС-ийн Байгалийн ухааны сургуулийн оюутнуудад зэрлэг амьтдад ээлтэй шугаман дэд бүтцийг хөгжүүлэх талаарх хичээл зааж эхэлсэн аж. Энэхүү хичээлийн агуулгыг хөгжүүлэхэд оролцож буй МУИС-ийн Биологийн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Ө.Баярсайхан “2023 оны намрын улирлаас эхлээд мэргэжлийн болон их сургуулийн нэгдүгээр түвшний оюутнуудын хичээлийн хөтөлбөрт энэхүү агуулгыг багтаасан. Дэд бүтэц бий болгож, эдийн засгийг хөгжүүлэхдээ бидний эргэн тойронд байгаа зэрлэг амьтад, ургамлыг ч хамгаалах хэрэгтэйг бодолцож шийдвэр гаргах ёстойг оюутнууд хичээлээсээ ойлгодог. ШУТИС-ийн хичээлийн хөтөлбөрт ийм агуулгыг багтаахаар тус сургуулийн багш, судлаач нартай өнгөрсөн намрын улирлаас хамтран ажиллаж эхэлсэн. Бүтээн байгуулалт, эдийн засгийн хөгжлийн төлөө ажиллах ирээдүйн инженерүүдэд байгаль орчноо хамгаалж, хойч үедээ өвлүүлэн үлдээх нь ямар чухал болохыг уг хичээлээр ойлгуулна гэж итгэж байгаа” гэжээ.
А.Үүлээ