Молом, маам, Осор, Сосорын дунд төөрч будилсан багачуудад цахимаар дасгал, даалгавар хийлгэнэ гэдэг тэвчээр шалгасан ажил болохыг эцэг, эхчүүд хэлж байна. Дөнгөж үсгээ үзэн, үе холбон уншиж, бичих, бодож сурах гэж ядсан хүүхдүүдэд “Эдүтэн” цахим сургалтын платформын дасгал, даалгаврыг гүйцэтгэнэ гэдэг хүндэдсэн ачаа болжээ. Жишээ нь, иргэн Г-ийнд тус хичээлтэй холбоотой хэрүүл маргаан орой бүр өрнөдөг гэнэ. Нэгдүгээр ангийн хүүгийнх нь багш даваа гараг болгонд гэртээ “Эдүтэн” хичээлийг хийж ирэх даалгавар өгдөг аж. Лхагва гараг гэхэд хүүхдүүд бүх даалгаврыг гүйцэтгэж дуусаад, цом авах ёстой. Хэчнээн даалгаврыг ямар гүйцэтгэлтэй хийснээс шалтгаалан хүрэл, мөнгө, алтан цомын эзэн болдог байна.
Нэг удаадаа 700 гаруй даалгавар хийж гүйцэтгэнэ. Энэ нь багачуудад дарамт учруулах болж. Мөн иргэн С “Охин бид хоёр “Эдүтэн” хичээлээ хийх гэж өдөрт 2-3 цаг тасралтгүй дэлгэц ширтэж байна. Хийсэн даалгавраа сайн хадгалахгүй бол дахиад л эхнээс нь ажилладаг. Охин минь “Яасан дуусдаггүй юм” гэж төвөгшөөх болсон. Ингэж удаан хугацаанд утас ширтэж болохгүй тул би өөрөө дасгалуудыг нь хийчихдэг” гэв. Уг нь “Эдүтэн” хичээлийг гэрт нь бус, ангид нь хийлгэхийг Боловсролын яамнаас зөвлөдөг юм билээ. Зургаан настай, учир мэдэхгүй 40-50 хүүхдийг ганцхан багш удирдан чиглүүлж, “Эдүтэн”-ий даалгаврыг гүйцэтгүүлнэ гэдэг амаргүй. Тиймээс нэгдүгээр ангийн багш нарын олонх нь хүүхдүүдийг гэртээ аав, ээжтэйгээ хамт хийж ир гээд явуулдаг аж. Сургуульд нь ухаалаг таблет бүхий цахим анги, танхим байхгүйгээс хүүхдүүдийг гар утастай ирүүлж, ангид нь хийлгэх гээд хүчрээгүй тухайгаа нэгдүгээр ангийн багш Л ярьсан юм. Тэрбээр “Манай сургууль цахим ангигүй. Ухаалаг таблетууд бол бий. Гэхдээ бүх хүүхдэд хүрэлцдэггүй. Таблет зөөх, утас, залгууртай “ноцолдсоор” хичээлийн цаг дуусдаг. Тиймээс нэг өдөр хүүхдүүдийг ангидаа ухаалаг утастай ирүүлсэн юм. Гэтэл хичээлээ хийхгүй, ширээн доогуур ороод утсаараа тоглоод сууж байсан. “Эдүтэн” платформд нэвтрэх нэр, нууц үгээ мартахаас эхлээд “Багш аа, энийг яах вэ, тэрийг ч яаж хийх юм бэ” гээд тал талаас шаагилдана. Тэр олон хүүхдийн даалгаврыг ганцаараа хийлгэх боломжгүй, хүрч ажиллаж чадахгүй юм билээ” гэв. Орон нутгийн өөр нэг багш “Үсгээ үзэж дуусаагүй байхад юун цахим хичээл орох вэ” хэмээн ундууцсан. Тэрбээр “Эдүтэн”-ийг бүр хойш тавьсан талаараа дурдсан юм.
Дэлгэцийн хэрэглээг хумих бус, дэвэргэж байна
Манай улс энэ онд анх удаа сургуульд суурилсан эрт ирлүүлэг, үзлэгийг зургаан настнуудын дунд зохион байгуулж буй. Тус үзлэгт өнгөрсөн сарын эхээр хамрагдсан хүүхдүүдийн 23 хувьд нь нүдний ямар нэгэн гажиг, өөрчлөлт илэрсэн байна. Энэ тухай Эрүүл мэндийн яамныхан мэдээлээд, хүүхдүүдээ дэлгэцээс хол байлгах, харааг нь хамгаалах талаар зөвлөсөн юм. Гэтэл Боловсролын яамныхан сургалтын агуулгад танхим, цахим хичээлийг хосолсон байдлаар оруулж, дэлгэцээс “уях” дасгал, даалгавар олноор өгөх боллоо. Энэ хичээлийн жилээс нэгдүгээр ангийн сурагчдыг “Эдүтэн” хичээлд хамруулж буй. Үүний улмаас хүүхдүүд сургууль дээрээ ч утас, таблет ширтсэнээр дэлгэцийн хэрэглээ нь улам нэмэгдэж, цаашлаад хараанд нь сөргөөр нөлөөлөх эрсдэл үүсэв. Төрийн байгууллагууд уялдаа холбоогүй ажилладгийн нэг жишээ энэ.
Яам, тамгын газруудаас олон “гоё” хөтөлбөр санаачилж хэрэгжүүлдэг ч хөрсөндөө бууж буй, эсэхийг эргэн хянадаггүй нь харамсалтай. Тухайлбал, тэгш хамруулах хөтөлбөрийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг энгийн цэцэрлэг, сургуульд сургах тухай гурван сайд хамтарсан тушаал гаргасан. Үүний дагуу сургууль, цэцэрлэгийн хаалга бүх хүүхдэд нээлттэй байх ёстой. Гэвч бодит байдалд сурсан, сургасан нэртэй л үлдсэн жишээ цөөнгүй. Тухайн хүүхдэд тохирсон сургалтын хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмж байхгүй, багш нар нь арга барил эзэмшээгүй зэргээс ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүд хохирч үлддэг. Багшид л ачаа, дарамт нэмдэг нь нууц биш. 50 хүүхэдтэй ангид нэмээд нэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг “заавал сурга” гээд өгчихдөг. Нэрэн дээрээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд бусдын адил сурч боловсорч буй мэт харагдавч нидэр дээрээ цаг нөхцөөж суух нь түгээмэл. Одоо мөн л сайд, дарга нар нэгдүгээр ангийнханд “Эдүтэн” хичээлийг заавал үзүүл, хийлгэ” гээд “зарлигдчихсан”. Энэ нь багш, хүүхэд төдийгүй эцэг, эх, асран хамгаалагч нарт ч дарамт учруулж, үр дүнгээ өгөхгүй байна.
“Эдүтэн” хичээлийг цалгардуулахгүйн тулд сургууль бүрд нөхөн хангалтын зардал олгодог. Энэ мөнгийг хувьсах зардалд нь нэмж тусгадаг талаар Боловсролын үнэлгээний төвийнхөн хэлсэн юм. “Эдүтэн” платформыг Финланд улсад боловсруулсан бөгөөд өдгөө дэлхийн 50 гаруй оронд ашиглаж буй. Манай улс нэг сурагчийн жилийн лицензийн төлбөрт 2.99 евро буюу 11 мянга орчим төгрөгөөр тооцон сургуулиудад олгодог гэнэ. Сургууль бүр ухаалаг дэлгэц, таблет бүхий цахим анги бүрдүүлэх ёстой аж. Үүнд сургуулийн захиргаанаас анхаарал хандуулж, цахим анги тохижуулан, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах үүрэгтэй болохыг Боловсролын ерөнхий газрын мэргэжилтэн онцолсон. Гэвч одоогоор хэчнээн сургууль цахим ангитай нь тодорхойгүй. Айл бүрд компьютер, таблет байхгүй. Хүүхдэдээ ухаалаг утас, дата авч өгөх боломжгүй хүн ч бий. Үүнээс болж хүүхдүүд хичээлээсээ цалгардах, хоцрох явдал гарсаар. Сургуулийн интернэтийн хурд удаан, олон хүүхэд зэрэг хэрэглэхээр гацах тохиолдол ч цөөнгүй гардаг аж. Тиймээс багш нар нь өөрийн утаснаасаа дата цацах зэргээр аргалдаг гэнэ. Гар утасгүй ирсэн хүүхдүүд “Эдүтэн” хичээлдээ хамрагдаж чаддаггүй талаар багш нар ярьсан. Энэ мэт “Эдүтэн” зэрэг үр дүнгүй хөтөлбөр нь ялгаварлан гадуурхалтыг өөгшүүлж, амьжиргааны түвшин доогуур өрхийн хүүхдүүдийг боловсролоос улам холдуулж буй.
Материаллаг баазгүй байж цахимжих гэсэн мөрөөдөл
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн хичээлийн жилд ерөнхий боловсролын 871 сургууль үйл ажиллагаа явуулж байв. Тэдгээрийн 79.8 хувь нь төрийн, 20.2 хувь нь хувийн өмчийнх. Төрийн өмчийн сургуулиуд хувийнхаас материаллаг баазын хувьд үргэлж хоцрогдож, гачигдаж дутагдаж ирсэн. Тухайлбал, Хүний эрхийн үндэсний комиссын өнгөрсөн оны тайлангаас харахад нийслэлийн багш нарын 59.5, орон нутгийн багш нарын 58.7 хувь нь сургалтын үйл ажиллагаа явуулахад хамгийн их тулгарч буй бэрхшээл нь компьютер, техник хэрэгслийн дутмаг байдал гэжээ. Үүний дараа интернэтийн хүрэлцээ, хангамж тааруу хэмээн нийслэлийн багш нарын 42.4, орон нутагт 44 хувь нь үзжээ. Мөн ном, сурах бичиг дутагдалтай, сургалтын хэрэглэгдэхүүн хүрэлцдэггүй гэсэн байв. Салбарын яам, сургуулийн захиргаа нь хичээлд ашиглах тоног төхөөрөмжөөр нь хангаж, материаллаг баазыг нь бүрдүүлээгүй байж багш нараас өндөр бүтээмж нэхэх нь утгагүй юм. Орчин цагт улсын сургуулиудын багш нар шохойноос өөр “өмчгүй”, хичээл заах олигтой хэрэглэгдэхүүнгүй байж болох уу.
Багш нарт хэдэн жилийн өмнө олгосон компьютер, техник хэрэгсэл нь хуучирч, эхнээсээ ашиглах боломжгүй болжээ. Үүний зэрэгцээ тэдний ачааллыг нэмж, сургалтын чанарт сөргөөр нөлөөлдөг зүйл нь анги дүүргэлт. Өнгөрсөн хичээлийн жилд нийслэлийн сургуулийн 35-44, орон нутгийн сургуулийн 13-38 хувьд нь хүүхдийн тоо хэтэрсэн байж. Тэр дундаа төрийн өмчийн бага болон ахлах ангиудад хүүхдийн тоо хэд дахин өндөр байна. Сонгинохайрхан дүүрэгт гэхэд л анги дүүргэлт хамгийн өндөр хувьтай гарчээ. Өөрөөр хэлбэл, нийслэлийн бага ангид дунджаар 57, орон нутагт 43 хүүхэд суралцаж буй юм. Ийм байхад нэмээд технологи ашиглан сургалт явуулах нь нүдээ олоогүй шийдэл гэж шүүмжлэх хүн цөөнгүй. Уг нь Боловсролын ерөнхий хуульд “Бүх түвшний боловсролын сургалтын байгууллага нь багшийг сургалтын үйл ажиллагаанд шаардагдах техник, тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүн, бичиг хэргийн материалаар хангана” гэж заажээ. Гэвч багш нар эцэг, эхчүүдээс бичгийн цаас, өнгөт принтер царай алдсан хэвээр.
“Эдүтэн” цахим хичээлийг ядаж зургаан настнуудад бус, хоёр, гуравдугаар ангийнханд оруулбал учиртай. Өнгөрсөн хичээлийн жилд зөвхөн гурав, дөрөвдүгээр ангийн сурагчдад эл хөтөлбөр хамаатай байв. Тус платформыг ашигласан хүүхдүүдийн математик сурах сонирхол, гүйцэтгэл сайжирсан нь судалгаагаар тогтоогджээ. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг. Эхлээд сургууль бүрийг цахим ангитай, тоног төхөөрөмжтэй, хүүхэд болгон ухаалаг утас, дататай, эсэхээс үл шалтгаалан хичээлдээ бүрэн хамрагдах боломжоор хангасны дараа л “цахимжих” тухай ярих нь амьдралд нийцнэ.