Олон улсын жүдо бөхийн холбоо техникийн зөвлөгөөнөө Туркийн Истанбул хотод зохион байгуулахад 78 орны 300 гаруй төлөөлөгч оролцжээ. Манай улсаас Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батгэрэлээр ахлуулан менежер, шүүгч зэрэг найман хүний бүрэлдэхүүнтэй баг уг хуралд оролцсон аж. Тус зөвлөгөөнөөр жүдо бөхийн шүүлтэд өөрчлөлт оруулах, дүрмийн шинэчлэлтийг хэлэлцжээ. Ингээд Францын Парис хотод ирэх оны хоёрдугаар сард болох “Их дуулга” тэмцээнээс эхлэн шүүлтийн шинэ дүрмийг мөрдөхөөр болов. Шинэ дүрмээр юүко үнэлгээ эргэн ирэх нь. Бас барьцад хүрсэн тохиолдолд 30 секундийн дотор мэх хийхгүй бол торгох заалт оруулсан гэнэ. Түүнчлэн босоогоос мэх хийх үед гар хөшвөл хоёр янзын зохицуулалттай байх нь. Хэрэв өрсөлдөгч нь зайлсхийх боломжгүй, гэмтэж бэртэх эрсдэлтэй бол шууд хөөнө. Харин өрсөлдөгч нь зайлсхийх боломжтой, гэмтэж бэртэх эрсдэл бага бол торгууль өгөх юм.
Олон улсын зөвлөгөөнөөс баталсан дүрмийн энэ өөрчлөлт, шинэчлэлтийг танилцуулах сургалтыг Монголын жүдо бөхийн холбооноос үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчид болон дотооддоо үйл ажиллагаа явуулдаг клубүүдийг хамруулан зохион байгуулахаар төлөвлөжээ.