Инфляцын түвшинтэй уялдуулж, тэтгэврийн хэмжээг зургаан хувиар нэмэгдүүллээ. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд “Тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг өмнөх оны инфляцын түвшинтэй уялдуулж, жил бүрийн нэгдүгээр сарын 1-нээс эхлэн нэмэгдүүлнэ” гэж заасан. Үүний дагуу тэтгэврийг нэмэгдүүлэх, доод хэмжээг шинэчлэн батлах тухай Засгийн газрын тогтоол ийнхүү гарав. Тус тогтоолд цэргийн тэтгэврийг ч мөн зургаан хувиар нэмж, батлагдсан төсвийн хүрээнд тооцож олгохыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгаланд үүрэг болгосон. Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээг 689 000, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 572 400 төгрөг болгон тус тус шинэчлэн батлав. Засгийн газрын тогтоолыг 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөнө. Тэтгэврийн хэмжээг зургаан хувиар нэмэгдүүлэхэд шаардлагатай 297.4 тэрбум төгрөгийг Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд тусгажээ.