Дархан цаазат Богдхан уулаа нүхлэхийн тулд их мөнгө зарцуулах гэж буйг эсэргүүцэж байгаагаа Гавьяат эдийн засагч Б.Осоргарав өчигдөр мэдэгдэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын болон Засгийн газрын гишүүд, нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нарт хандан дээрх асуудлаар иргэдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлэхийг уриалж буйгаа тэрбээр дурдсан. Эдийн засагч Б.Осоргарав “Монгол Улс өргөн уудам нутагтай орон. Гэтэл газар нутаггүй орнууд шиг дархан цаазат уулаа нүхэлж, мөнгө үрэх шаардлага байна уу. Үүний оронд Налайхын замыг дахин өргөтгөж, нэг талдаа 3-4 эгнээтэй болговол яасан юм бэ. Дархан цаазат Богдхан уулаа нүхлэх, эсэх асуудлаар УИХ сонсгол явуулъя. Ард түмнийхээ санаа бодлыг заавал сонсох ёстой. Уул нүхлэх мөнгө нь байгаа юм бол түүгээрээ хурдны галт тэрэг барь” гэх зэргээр саналаа илэрхийлэв.
Эргэн сануулахад, Зам, тээврийн яамнаас Богдхан ууланд туннель барих ТЭЗҮ, зураг төслийн тендерийг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 11-нд зарласан юм. “Хөшигийн хөндий туннель” хэмээн гоёор нэрлэсэн уг төслийн зөвхөн зураг төсөл, ТЭЗҮ-д нь 55.3 тэрбум төгрөг зарцуулахаар тендерийн баримт бичигт нь дурдсан байв. Ямар ч үр ашиггүй, ач холбогдолгүй төсөлд ийнхүү маш их хөрөнгө зарцуулах гэж буйг УИХ-ын гишүүн А.Ундраа эсэргүүцэж, дээрх тендерийг цуцлах шаардлагыг Зам, тээврийн яаманд хүргүүлжээ.
Тэрбээр “ТЭЗҮ хэмээх хэрэггүй цаас үйлдвэрлэх тендерээ цуцалж, 55.3 тэрбум төгрөгийг улсын төсөвт буцаана уу. Төслийг хэрэгжүүлэхэд гарах нийт зардал нь үүнээс хэд дахин өндөр байх нь ойлгомжтой. Гэвч уул нүхлэх эцсийн үр дүн нь зөвхөн Хөшигийн хөндийд хүрэх 30 км замыг 15 км урт туннелиэр товчлох зорилготой. Эдийн засгийн хувьд үр ашиггүй атал маш өндөр өртөгтэй төсөл болох нь тодорхой байна” гэж цахим хуудсандаа бичжээ.
М.Оч