Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотод зохион байгуулж буй Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын XVI бага хуралд оролцож байна. Тэрбээр өчигдөр тус конвенцын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тиотой уулзаж, байгаль дэлхийг хамгаалах, цөлжилттэй тэмцэх, газрын доройтлыг бууруулах асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулан ажиллаж байгаад нь талархлаа илэрхийлжээ. Энэ үеэрээ төр засгийн зүгээс хэрэгжүүлж эхэлсэн “Тэрбум мод” хөдөлгөөн, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” зэрэг үндэсний хөтөлбөрөө танилцуулсан аж.
Монгол Улс нь Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын XVII бага хурлыг 2026 онд зохион байгуулах бөгөөд үүнд өндөр ач холбогдол өгч, бэлтгэлийг эртнээс хангаж буйгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгджээ. Мөн тус хурлын үеэр бэлчээрийн зохистой удирдлагын олон улсын эвсэл байгуулах боломжтой, эсэх талаар Ибрахим Тиотой санал солилцсон юм. Тэрбээр “Манай Засгийн газрын тэргүүлэх чиглэл болох цөлжилттэй тэмцэх, агаар, орчны бохирдлыг бууруулах, усан хангамжийг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээ, зорилго, зорилтыг XVI бага хурлын үеэр танилцуулсан нь сайшаалтай.
Тодруулбал, тус хурлын үзэсгэлэнгийн танхимд Монгол Улс цэнхэр болон ногоон бүсэд бодлого, үйл ажиллагаагаа танилцуулах эрх авсан. Цэнхэр бүсэд Засгийн газар, олон улсын байгууллагуудын үйл ажиллагааг сурталчилсан хурал, арга хэмжээ зохион байгуулдаг. Харин ногоон бүс нь олон нийтэд нээлттэй бөгөөд хувийн хэвшил, төрийн бус байгууллагууд голчлон оролцдог” гэв.
Ногоон бүсэд “Тогтвортой хөгжлийн төлөө тэмүүлье: Нүүдэлчдийн өв, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон бэлчээр” уриан дор төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийнхэн хамтраад улс орныхоо соёл уламжлал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлыг бууруулах, ногоон инновацыг нэвтрүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, шинэ санаагаа дэлхий нийтэд сурталчилж байна.
М.Гэгээ