2024-2025 онд хичээлийн жилийн бүтцийг өөрчлөн, гурван улиралтай болгосон билээ. Ерөнхий боловсролын сургуулийн нэг, хоёрдугаар ангийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт энэ сарын 23-нд эхлэх юм. Сурагчдын амралттай холбоотойгоор Боловсролын сайд П.Наранбаяр нэгдүгээр сарын 6-10-ны хооронд багш нарын дунд ямар ч ажил зохион байгуулахгүй. Ээлжийн амралтынх нь тав хоногт амраах ёстой гэж мэдээлсэн. Харин үүнийг нь Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос эсэргүүцэж буйгаа мэдэгдэв. Тодруулбал, “Нэгдүгээр сард ээлжийн амралтаас тав хоногийг нь урьдчилан эдлүүлнэ гэдэг бол бүтэшгүй санаа. Магадгүй төсөв хэмнэх гэсэн арга байж мэдэх. Хөдөлмөрийн тухай хуулиар ээлжийн амралтыг зөвхөн ажилтны хүсэлтээр хуваан олгох зохицуулалттай. Түүнээс биш хэн дуртай нь “Одоо амар, одоо ажилдаа ор” гэж болохгүй. Нэгдүгээр сард хэдийгээр сурагчдын улирлын амралт таарч байгаа ч багш, ажилтнууд хэвийн л ажиллах ёстой. Ингэхээр цалин (илүү цагаас бусдыг) бүтэн авдаг. Харин сургуулиуд дотооддоо ажлаа зохицуулаад багш, ажилтнуудаа ээлжлэн амраадаг сайн жишиг тогтсон. Хичээлийн жилийн бүтцийг өөрчилсний горыг багш нар амсах ёсгүй” гэж байр сууриа илэрхийлэв.
Ч.Болор