НҮБ-ын илтгэлд дурдсанаар Умард Солонгост хүний эрхийг ихээхэн зөрчдөг, хоол хүнсийг нь хязгаарладаг, үг хэлэх эрх чөлөө байхгүй, тэгсэн хэрнээ улс төрийн хоригдлуудад зориулсан шоронгуудтай, цаазлах үйл ажиллагааг олны нүдэн дээр гүйцэтгэдэг. Харин бэлгийн цөөнхийн талаар ямар нэг мэдээлэл тун ховор гэнэ. Ийм хүмүүс тэнд байдаггүйдээ биш, тэднийг анхаарлын гадна орхидогт, улайм цайм нууцалдагт гол учир нь байгаа бололтой. Энэ нь бэлгийн харилцааны уламжлалт бус чиг хандлагатай хүмүүсийн тухай асуудал юм. Умард Солонгосоос зугтсан ийм хүмүүсийн ярианаас сонордуулъя.
Зохиолч Чан Ён Чин 60 гаруй настай, 1990-ээд оны эцсээр Умардаас гараад Өмнөдөд суурьшжээ. Тэрбээр эхлээд Хятадад очихдоо Өмнөд Солонгос руу нэвтрэх арга зам хайж байжээ. Тэгээд зорьсондоо хүрч чадалгүй Умарддаа буцаад очиж. Удалгүй аюултай зам сонгож, хоёр Солонгосыг заагладаг, минажүүлсэн, цэрэггүй бүсээр дамжихаар шийдэж мөлхөн байж хил даваад Өмнөдөд очсон байна. Чан тэнд очоод гадаадын хэвлэлийн хүмүүсийн асуултад хариулахдаа бэлгийн харилцааны уламжлалт бус чиг хандлагатайгаа нуусангүй. Тэгэхдээ энэ яриа нь Өмнөд Солонгосын хэвлэлд нийтлэгдчих юм гэж бодсонгүй. Харин эр хүн эр хүндээ татагдах нь байж боломгүй зүйл биш гэдгийг лавтай мэдэж авчээ. Энэ нь түүнд ертөнцийг өөрчилж, аз жаргалгүй амьдралаас болж шаналж явах ёсгүйг ухааруулсан байна. Хэрэв ижил хүйстнээ сонирхдогоо эртхэн мэдсэн бол Умард Солонгос дахь амьдралдаа сэтгэл дундуур байхгүй гэдгээ тэр ярив. Умарддаа байхдаа Чан гэрлэх болж л дээ. Гэтэл нэг л сэтгэлийн дарамттай, жаргал цэнгэлгүй, амьсгалах агаар дутагдаад байгаа ч юм шиг болж. Яагаад ингээд байгаагаа ч ойлгосонгүй. Гэргийгээсээ хөндий баймаар санагдах болсноос хадам эцэгтэйгээ хамт эмнэлэгт очиж үзүүлэхэд ямар нэг өвчин илэрсэнгүй. Бие нь тавгүйрхэх шалтгааныг эмч нар олсонгүй.
Нэг удаа эхнэр нь “Би сайн сурч байсан. Хичээж, мэрийж ажиллаж байна. Гэтэл чам шиг нөхөртэй учирч шаналж яваагаа ойлгохгүй юм” гэж хэлээд уйлжээ. “Тэгэхэд л энэ эмэгтэйг өөрөөсөө хөндийрүүлж явуулах хэрэгтэй гэдгээ би ухаарсан. Салахаар шийдэж Ардын шүүхэд очтол зөвшөөрөөгүй. Салгах боломжгүй” гэсэн гэж Чан ярьжээ.
Чан хүүхэд байхдаа Пёньяны Жүжиг, кино урлагийн их сургуулийн оюутан, өндөр нуруутай, царайлаг залуу найз Сёндоо татагдах болсон аж. Сён хуримаа хийсэн үеийг эргэн санахад их шаналантай байдаг гэнэ. Тэр өдөр найзынхаа шинэ байрны хажууд, цас бударч байхад уйлж зогсохдоо түүнд жигтэйхэн уурласныхаа учрыг ойлгохгүй байв. Хожим нь хоёул гэрлэчихсэн хойно Сён Чаныд ирж хоножээ. Чан тэр шөнө ер унтсангүй, зүрх нь хүчтэй цохилж, Сёнтой нэг өрөөнд баймаар санагдаж гэнэ.
Армид алба хааж байхад Чаны гадаад төрх байдал дарга нарынх нь сэтгэлийг татаад, хэн нь түүнтэй зэрэгцэж хэвтэх вэ хэмээн маргалддаг байж. Цаг хугацаа өнгөрөх тусам түүнийг үнсэж, хацар, нүүрийг нь илэх болж. Чан ч салааны дарга эелдэг боловсон залуутай хамт байхыг хүсэх болсон гэнэ. Чаны ярьснаар Умард Солонгосын армид ийм байдлыг зүй ёсных гэж үздэг. Цэргийн алба хаах 10 жилийн хүнд хатуу нөхцөлд энэ маягийн “хувьсгалт нөхөрлөл”-ийг залууст зөвшөөрдөг байжээ.
2010-аад онд Пёньянд цэргийн алба хаасан, дараа нь хилийн чанадад ажиллаж байх үедээ Өмнөд Солонгос руу гарчихсан Ли Сён Хёк Умардад насанд хүрсэн эрчүүд гар гараасаа барилцаад зугаалаад явах нь цөөнгүй гэж ярьсан байна. Ижил хүйстнүүдийн харилцааг төр нь хүлээн зөвшөөрдөггүй ч биендээ ийм таашаалтай хандахыг “хувьсгалт нөхөрлөл”-ийн нэг хэлбэр гэж үздэг тухай тэр ярьжээ. “Тухайлбал, манай салбарын 120 хүн хамт амьдардаг байв. Бүх хувцсаа тайлаад зэрэгцэж хэвтээд тэврэлдээд унтчихна. Царай зүс, бие хаа сайтай шинэ цэргүүд ирэхэд тэднийг тэврээд авна, хацар, нүүрийг нь илж таална. Бидний дунд эмэгтэй хүн байхгүй. Тийм болохоор дур хүслээ хангахын тулд ийм залууст эмэгтэй хүн шиг л хандана” хэмээсэн байна. “Үүнийг ижил хүйстнүүдийн энгэр зөрүүлэх харилцаа гэж шууд ойлгож болохгүй. Ердөө 10 жилийн турш эмэгтэй хүнгүй байсны л уршиг. Армид чи зайлшгүй биеэ хэн нэгэнтэй хуваалцана. Тийм болохоор чи хэн нэгэнтэй ойр дотно байх нь хэний ч дургүйг хүргэхгүй” гэж тэр тайлбарлажээ. “Өмнөд Солонгосын ертөнцийг үзэх байр сууриас Умардыг ойлгох гэж хичээх боломжгүй. Умардад ижил хүйстний харилцааны тухай ойлголт, төсөөлөл байхгүй. Ийм явдлыг мэдэхгүй. Өөрийгөө ижил хүйстэн гэж үздэг хүн Умардад маш цөөхөн л байж болох юм” гэж Ли Сён Хёк үзэж байна. Тэрбээр “Сэтгэл зүйн эмчилгээ хийдэг газрууд бий ч эмч нар нь ийм асуудлыг ер хайхардаггүй. Ижил хүйстэн хэрэв илэрвэл Умардын эрх баригчид ийм хүмүүс байх ёсгүй гэж үздэг учраас “өөр хэрэг”-ээр буруутгаж, түүнийг даруй шоронд хийнэ” гэжээ.
Умардаас зугтаж ирсэн, 50 гаруй насны Пак Сун Ча 1980-аад онд Хятадтай залгаа хилийн тосгоны амьдралын хэвшилд зохицож амьдарч чадаагүй Ким гэх найзыгаа дурсав. Ким 24 настай байхдаа Солонгос, Японы эрлийз, найман насаар эгч, нөхрөөсөө салсан эмэгтэйтэй танилцжээ. Энэ хоёр эмэгтэй чармай нүцгэн үнгэлдэж, ноололдож байхыг хөрш эмэгтэй нь харчхаад ихэд гайхаж балмагдахдаа Ардын хороо (Умард Солонгосын орон нутгийн байгууллага)-ны тэргүүнд ховлож орхив. “Тэр (бас эмэгтэй) энэ явдлын тухай сонсчихоод итгэхгүй “Битгий худлаа яриад бай” гэв. Түүнийг дагуулаад нөгөө хоёрын гэрт аваачсан. Тэр хоёрыг хамт байхыг харчхаад холбогдох хүмүүст хэлснээр Аюулаас хамгаалах хэлтсийнхэн баривчилсан” гэж Пак Сун Ча ярьжээ. “Ким 25 настайдаа манайд ирээд хөхөө авхуулчихсан гэхэд нь яаж байгаа юм бэ гэвэл “Хорт хавдраас болоод” гэсэн. Эгч маань түүний хэлсэнд үнэмшихийн тулд цамцыг нь сөхөж үзчихээд “Чи яагаад эр хүн болох гээд байгаа юм бэ” гэхэд бид бүгдээр инээлдэж билээ” хэмээн Пак нэгэн сонин түүх ярив. Тэрбээр үргэлжлүүлэн “Түүнийг 45-тай байхад нь би бас тааралдтал дуу нь нэлээд бүдүүн болчихсон байхаар нь “Тамхи татаад энэ үү” гэвэл “Би төрөлхийн эр хүн байсан юм. Гэтэл ээж маань ижил хүйстэн байхыг зөвшөөрөөгүй” гэсэн санаанд багтамгүй зүйл ярьсан. Уг нь мэс ажиллавар хийж хүйсийг нь солиулах ёстой байсан ч эцэг, эх нь зөвшөөрөөгүй юм билээ” гэж Пак Сун Ча хэлжээ.
Сөүлийн их сургуулийн сэтгэл судлаач, Умард Солонгосоос ирсэн хүмүүстэй ажиллаж дадлагажсан, профессор Чан ВВС-гийн сэтгүүлчидтэй ярилцахдаа “Умард Солонгост ижил хүйстнүүд энгэр зөрүүлэхийг нийгмийн эсрэг үйлдэл гэж үздэг. Үүнийг капитализмд хордсон, хууль бус, ёс суртахууны хувьд итгэл даахгүй хүмүүсийн хийх үйлдэл гэдэг юм. Хүмүүс ийм байдлаа нуух нь аргагүй. Ижил хүйстэн тэнд байдаг ч энэ талаар ямар нэг үг хэл, түүнийг хэрхэн ойлгох тухай яриа хөөрөө ер байхгүй” гэжээ. Сөүлд төвлөрдөг хүний эрхийг хамгаалах “Transitional justice working” группийн шинжээч, доктор Син Хи Сёк “Ижил хүйстэн гэх үндэслэлээр ялгаварлан гадуурхах юм уу, мөрдөн мөшгөх нь олон улсын хуулиар хориглосон, яалт ч үгүй хүний эрхийн зөрчил” гэсэн байна. Тэгвэл ялгаварлан гадуурхахын эсрэг чиглэсэн Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактад БНАСАУ нэгдэж, гарын үсгээ зурсан байдаг аж. Түүнээс гадна 1991 онд НҮБ-д нэгдсэнээр Умард Солонгос хүний эрхийн бүх нийтийн тунхаглалыг мөрдөхийг “автоматаар” хүлээн зөвшөөрчээ. Умард Солонгос дахь хүний эрхийн нөхцөл байдлын талаар 2023 онд Өмнөд Солонгосын Нэгдлийн яамнаас гаргасан тайланд өгүүлснээр ижил хүйстэн солонгос, япон хоёр эмэгтэйг Умард Солонгост олны нүдэн дээр цаазалсан аж. Син докторын ярьснаар хүний эрхийг БНАСАУ-д эрх баригчид нь төдийгүй жирийн иргэд ч зөрчдөг юм байна. Энэ асуудлыг олон улсын хамтын нийгэмлэг хөндөж Умардын эрх баригчдаас хариулт шаардах ёстой гэж шинжээч үзэж байна.