“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн гэх хэргийг шүүх шийдвэрлэх тун дургүй байна. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн удирдан өнгөрсөн баасан гарагт энэ хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийсэн юм. Уг хурлаас хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцаах захирамж дахиад гаргав. Чухам ямар үндэслэлээр дахин шалгуулах болсон нь хараахан тодорхойгүй байна. Прокурорын байгууллага, өмгөөлөгчдөөс лавлахаар хандсан боловч “Шүүхээс тодруул” гэхээс илүүг хэлсэнгүй. Тэгэхээр шүүгч Д.Дарьсүрэн урьдчилсан хэлэлцүүлгийн тойм бичихийг хүлээх болж буй юм.
Дээрх үйлдвэрийн 49 хувийн хувьцааг “Монголын зэс корпорац” ХХК-д, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн хөрөнгө оруулалтын болон концессын гэрээг байгуулахдаа “Кью Эс Си” ХХК-д давуу байдал үүсгэсэн, “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийг хэт үнэгүйдүүлэн хувьчилсан гэх хэрэгт 2012-2016 оны Засгийн газрын Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Б.Болор, Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байгаад Үндсэн хуулийн цэцийн гишүүн болсон Д.Сугар, Ц.Нанзаддорж тэргүүтэй хүмүүсийг яллагдагчаар татсан билээ. Уг нь эл хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх одоогоос яг нэг жилийн өмнө урьдчилан хэлэлцээд үл ялих зүйлээр шалтаглан нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцаах захирамж гаргасан. Тодруулбал, хэрэгт хоёр ширхэг си ди ирүүлээгүй хэмээн прокурорт буцаахаар болсон байдаг. Мөн яллагдагч, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Худалдаа, хөгжлийн банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, дээр дурдсан аж ахуйн нэгжүүдийг үүсгэн байгуулагч Д.Эрдэнэбилэг нарт холбогдох хэргийг тусгаарласныг хууль бус, хэргийн бодит байдлыг тогтооход саад болсон гэж үзсэн юм. Эдгээрийг давж заалдах шатны шүүх үндэслэлгүй гэж үзээд анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр болсон билээ.
Эл хэрэгт дээр дурдсан төрийн өндөр албан тушаалтнуудаас гадна Худалдаа, хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголын зэс корпорац”-ын гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин, “Кью Эс Си” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Шижир, гүйцэтгэх захирал асан Д.Батжавхлан, тус компанийн нягтлан бодогч Д.Энхтунгалаг, ТӨХ-ны Бүтцийн өөрчлөлт, хувьчлалын газрын дарга байсан Д.Эрэвгийлхам, “Хөтөлийн цемент шохой” ХК-ийн удирдах албан тушаалтнууд болох С.Уранчимэг, Р.Мөнхтуул, менежер Б.Мөнхсоёл, “Бейзмент” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Ч.Энхболд болон “Төмөр замын зураг төслийн институт”, “Кью Эс Си” ХХК-д холбогдуулан НПГ-аас яллах дүгнэлт үйлдсэнээс хойш багагүй хугацаа өнгөрч байна. Түүнчлэн Зам, тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбаттай холбоотой үйлдэлд ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржханд, ахлах мэргэжилтэн Б.Минжбадам, “Ялгуусан” компанийн захирал Л.Санжаадорж нарыг яллагдагчаар тооцсон билээ.