Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг, орчин үеийн урлагийн уран бүтээлчдийн хамтарсан “Контемпорари арт Монголиа” үзэсгэлэнг В контемпорари арт галерейд нээгээд байна. Долоо дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү үзэсгэлэнд оролцуулахаар 28 уран бүтээлч бүтээлээ ирүүлжээ. Тэдгээрээс Д.Ариунболд, Б.Бадрал, А.Баярмагнай, Л.Мөнхзаяа нарын 11 уран бүтээлчийн баримал, инстоляц, видео арт, холимог техник, график төрлийн бүтээлүүдийг нь сонгон олон нийтэд дэлгэн үзүүлж буй юм. Тэднээс уран бүтээлч А.Баярмагнайн “The case” цуврал бүтээлийг шилдгийн шилдгээр шалгаруулжээ. Үзэсгэлэн энэ сарын 29-нийг дуустал олон нийтэд нээлттэй байх нь.
Ташрамд дурдахад, “Контемпорари арт Монголиа” үзэсгэлэнг анх 2014 онд уран бүтээлч Д.Батзориг санаачлан зохион байгуулж байжээ. Орчин үеийн уран бүтээлчдийн бүтээлүүдийг таниулах зорилготой эл үзэсгэлэнг 2021 оноос хойш жил бүрийн арванхоёрдугаар сард зохион байгуулдаг уламжлал тогтоод буй билээ.
М.Оч