Ердөө гурав хоногийн өмнө буюу энэ сарын 17-нд Улсын онцгой комисс (УОК) Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн “дохиур”-аар хуралдаж, утаа бууруулах асуудлыг хэлэлцээд, хэд хэдэн шийдвэр гаргасан. Гэтэл сураггүй болоод байсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нар маргааш нь гэнэт гарч ирээд, тэдний юу хэлэлцсэнийг үл тоон, дахиад л өөр ажил хийх гэж байгаагаа мэдэгдэв. Товчхондоо, эрх баригчдын хөл, толгой нь олдохоо больчихлоо.
Утааг бууруулах “алсын хараа” байтугай ойрын төлөвлөгөө ч манай улсад байхгүйг энэ долоо хоногт өрнөсөн үйл явдлууд илчилсэн гэхэд болно. Мөн яг жилийн өмнө үр дүнгүй гэж үзээд татан буулгасан Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороогоо Засгийн газар сэргээн байгуулсан нь төрийн ой санамж ямар байгааг илэрхийлж буй юм. Саяхныг хүртэл хариуцах эзэн олдохгүй байсан, иргэд шаардлага тавиад, жагсаад ч эрх баригчид тоогоогүй утааны асуудлыг “шийдэх” олон эрх мэдэлтэнтэй, бас үр дүн нь тодорхойгүй ч хийх баахан ажилтай болчихлоо.
Гэлээ ч дарга нарын гэнэтийн ухаарал, тооцоо судалгаагүй, цочир шийдвэрүүд нь Улаанбаатарын утааг бууруулна гэх итгэл төрүүлсэнгүй. Учир нь хууль, журам, стандартаа шинэчилнэ гэх мэт улиг болсон арга хэмжээ, буруутан хайсан популизмаа л тэд дурдав. Түүгээр зогсохгүй зуух, яндан солих гэдгийг хэчнээн жил зурагдсан пянз шиг ярих юм бэ. Бас МАН-ынхан өнгөрсөн есөн жил орчмын хугацаанд засгийн эрх барьчхаад уржигдар л агаарын бохирдлыг бууруулах урт, дунд, богино хугацааны төлөвлөгөө гаргах ёстойгоо ойлгосон гэнэ.
Гэхдээ үүнээс ч хачирхалтай зүйл бол нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар ямар ч судалгаагүй атлаа гэнэт “ухаалаг санаа” олсон уу гэлтэй нүүрсэн яндангүй машинуудыг замын хөдөлгөөнд оролцуулахгүй хэмээв. Хотын хаан мэт авирлан, зааж зааварлах, захирах, загнах, дарамтлахаас өөрийг мэддэггүй тэрбээр уламжлалт арга барилаа л ашиглана гэсэн үг. Нөгөөтээгүүр, 84 400 айлын зуух хэзээ хэзээгүй салж унах гэж байгаа тул нэн даруй шинэчлэх шаардлагатай хэмээн “уянгалж”, ард түмэндээ хайртай хүн болж хувирав. Бас зуух солихоо “томоор сэтгэх” гэж тодорхойлсон бөгөөд олон нийт эсэргүүцсэн ч уг ажлаа хэрэгжүүлэхээ мэдэгдлээ. Эвдэрсэн зуухаа засах боломжийг иргэдэд олгохгүй, эвийлж хөөрхийлөөд буйн цаана тойргоо тойглох нь уу гэх хардлага төрнө. Цаашлаад айлуудыг хийн түлшинд шилжүүлэх юм байх. Ингэхийн хооронд зуух солих хэрэг байна уу.
Хотын дарга нь ийнхүү гэр хорооллын айлуудыг зуухаар хангах талаар ярьж байтал Засгийн газар нь эсрэгээрээ “яндангүй бүс” бий болгоно гэх сүртэй шийдвэр гаргах юм. Учир нь үл олдох, эмх замбараагүй энэ байдал бол эрх баригчдын үнэн дүр төрх, иргэдийн тархийг угаах замаар цаг хугацаа хожих гэж байгааг нь нотлох жишээ юм. Тэгээд ч яндангүй бүс байгуулах шийдвэр нь нийслэлчүүдийн хувьд шинэ биш. 2013 онд Баянгол дүүрэгт “утаагүй бүс”-ийн нээлт хийж, түүхий нүүрс түлэхийг хязгаарлан, боловсруулсан түлш нийлүүлэхээр болж байв. Мөн хоёр жил гаруйн өмнө Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болон нийслэлийн Засаг даргын хамтарсан тушаалаар агаарын чанарыг сайжруулах бүс гэж бий болгож байв. Уг тушаал ёсоор бол хотын төвийн бүс дэх гэр хорооллын айлуудад бүх төрлийн түлш түлэхийг хориглож байлаа. Үүний дагуу зарим айл халаалтаа цахилгаанаар шийдэж байв. Гэвч энэ жил цахилгааны үнэ нэмснээс болоод буцаад гал түлж эхэлсэн аж.
20 жилийн өмнө зуух тарааж л байсан, 10 жилийн өмнө утаагүй бүстэй л байж. Нэг жилийн өмнө Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороотой л байв. Энэ бүхэн бидэнд цаг хугацааны машинаар аялаад байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ.
М.Оч