Монголын хоккейн холбооноос жил бүр зохион байгуулдаг лигийн АШТ-ий III тойргийн тоглолт Дархан-Уул аймгийн “Найрамдал” мөсөн талбайд боллоо. Тоглолтод оролцсон багуудаас “Дархан”, “Степпе монстерс”-ийнхэн тэргүүн байрын төлөө өрсөлдөв. Энэ удаа “Дархан” багийнхан өрсөлдөгчөө 7:1-ээр ялж, тойргийн дөрөв дэх хожлоо авснаар 12 оноогоор тоглолтыг тэргүүлсэн. Тус багийнхнаас 86 дугаартай легионер Егор Софин, “Степпе монстерс”-ээс 33 дугаартай П.Мөнхмэнд шилдэг тоглогчоор шалгарсан юм. 2022 оны лигийн аварга багаар тодорсон “Шарын гол”-ынхон Орхон аймгийн “Хангарьд”-ынхныг 8:5-аар хожиж, тойргийн хоёр дахь ялалтаа авав.
“Шарын гол”-оос найм дугаартай Б.Энхбат, “Хангарьд”-аас мөн найм дугаартай Б.Эрдэнэсүх шилдэг тоглогч болжээ. Лигийн IV тойргийн тоглолтыг ирэх оны хоёрдугаар сарын 5-9-нд Орхон аймагт зохион байгуулна. Дээрх тоглолтын дөрөв дэх өдөр Дархан-Уул аймгийн шайбтай хоккейн холбооноос санаачлан лигийн АШТ-д оролцдог клубүүдийн залуу тамирчдаас бүрдсэн залуучуудын шигшээ, баг бүрд хүчин зүтгэдэг гадаад тоглогчдын “Легионерууд” баг нөхөрсөг тоглолтыг өрнүүлэв. Үндсэн цагт хоёр багийн оноо 8:8 болж тэнцсэн тул ганцаарчилсан довтолгооны аргаар тоглолтын хожлыг шийдвэрлэсэн. Залуучуудын шигшээ “Легионерууд”-ыг 2:1-ээр илүүрхлээ. Уг тоглолтын шилдэг тоглогчоор залуучуудын шигшээгээс 87 дугаартай Бату Гендунов, “Легионерууд”-аас 11 дугаартай Никита Новицкий шалгарчээ.