БНСУ-ын Сөүл хотын Боловсролын газраас нийслэлийн сургууль, цэцэрлэгүүдэд сургалтын зориулалттай техник хэрэгсэл олголоо. Энэхүү ажлыг нийслэлийн сургууль, цэцэрлэгүүдийн цахим сургалтын орчин, техникийг сайжруулах, багш нарын ур чадварыг хөгжүүлэх зорилгоор 2010 оноос хойш хэрэгжүүлсэн юм байна. Үүнийхээ хүрээнд суурин компьютер 2477, зөөврийн 395, таблет 200 ширхгийг сургуулиудад олгожээ. Мөн 15 дэлгэц нийслэлийн сурагчдад хандивласан.
Түүнчлэн энэ жил 175 суурин компьютер, таблет 20, таван зурагтыг нийслэлийн 16 сургууль, 10 цэцэрлэгт өгсөн байна. Тухайлбал, Улаанбаатарын 34, 35, 41, 93 дугаар сургууль үүнд багтжээ. Мөн Сөүл хотын Боловсролын газраас 212 багшийг БНСУ-д цахим ур чадварыг сайжруулах сургалтад хамруулсан гэнэ. Ташрамд дурдахад, дээрх байгууллагаас хоёр жил тутамд 4-6 хүний бүрэлдэхүүнтэй баг Монголд ирж, санамж бичгийн хүрээнд нийлүүлсэн техник хэрэгслийн ашиглалт, хамгаалалт, мэргэжил дээшлүүлсэн багш нарын үйл ажиллагаатай танилцаж, хяналт мониторинг хийдэг аж.
А.Үүл