Монгол Улсыг олон улсад төдийгүй хувийн хэвшил, гадаад, дотоодын иргэдэд сурталчлах хүрээнд “Монголд зочлох жил” санаачилгыг 2028 он хүртэл үргэлжлүүлэхээр Засгийн газраас шийдвэрлэсэн билээ.
Аялал жуулчлалыг хөгжүүлэх төрийн энэ бодлогын хүрээнд Гадаадын иргэн, харьяатын газраас цахим визийн evisa.mn cистем нэвтрүүлэн ашиглаж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Энэ системээр жуулчин /K2/, соёл урлаг, спортын тэмцээн уралдаанд оролцогч /K4/, дамжин өнгөрөх /K6/ зэрэг дөрвөн ангиллын визийг цахимаар олгож буй юм. 2021 оноос хойш гадаадын 127 936 иргэнд виз цахимаар олгосон бөгөөд үүнийг мэдүүлэх харийн хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдэх болжээ. Гадаад харилцааны сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан тушаалаар баталсан “Монгол Улсын цахим виз олгох улсын жагсаалт”-д багтсан 99 орны иргэдэд 2023 онд 31 242, энэ оны эхний 11 сард 88 794 виз олгосон нь өмнөх оноос 2.8 дахин өссөн үзүүлэлт юм. 2024 онд цахим виз мэдүүлсэн гадаадын иргэдийг улсаар нь авч үзвэл БНХАУ-ын 77 448, БНЭУ-ын 1334, БНСУ-ын 677, Индонезийн 391, бусад орны 8944 хүн байна.
Цахим виз мэдүүлэхдээ https://evisa.mn/ системд хандаж визийн мэдүүлгийг үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөж, төлбөрөө төлнө. Үүний дагуу хүсэлтийг нь хянаад, зөвшөөрсөн тохиолдолд тухайн иргэний мэдээллийг агуулсан QR код бүхий цахим визийг цахим шуудангаар 48 цагийн дотор шуурхай илгээдэг юм билээ. Үүнээс гадна Монгол Улсын цахим виз олгох улсын жагсаалтад багтаж байсан Европын улсууд, Австрали, Шинэ Зеланд зэрэг 34 орны иргэдийг визийн шаардлагаас түр чөлөөлснөөр 65 орны жуулчид Монгол Улсад визгүй зорчих таатай нөхцөл бүрдсэн аж.