Цэцэрлэгийн багш, ажилтанд ирэх нэгдүгээр сард багтаан 7-10 хоногийн хугацаатай, цалинтай чөлөө олгох саналыг УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа Боловсролын сайдад хүргүүлсэн билээ. Цэцэрлэгийн хүүхдүүдийн ирцийн талаар судалгаа хийж, шийдвэр гаргана гэж Боловсролын сайд мэдээлж байв. Харин тэрбээр цэцэрлэгийн багш, ажилтнуудыг гэрээсээ ажиллах боломжтой, эсэхийг судлахыг Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очирт даалгасан байна. Өөрөөр хэлбэл, төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн багш, багшийн туслахыг энэ сарын 23-наас ирэх сарын 25-ны хооронд гэрээсээ болон зайнаас ажиллах боломжтой, эсэхийг аймаг, нийслэлийн Боловсролын газартай хамтран цэцэрлэг бүрээр судалж, тодорхойлохыг үүрэгджээ. Гэрээсээ ажиллах хугацаа тав хүртэл хоног байх бөгөөд үндсэн болон туслах багшийг нэгэн зэрэг зайнаас ажиллуулахгүй байх зэрэгт анхаарахыг сануулсан байна.
Ташрамд дуулгахад, ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн өвлийн улирлын амралт үргэлжлэх хугацаанд цэцэрлэгт хамрагдаж буй хүүхдийн ирц буурах тохиолдол хот, суурин газарт үүсдэг. Гэхдээ тухайн цэцэрлэгт хамрагдаж буй хүүхдийн 70 гаруй хувь нь тогтмол ирдэг болохыг судалгаа харуулсан гэнэ.