Дорнод аймгийн Баян-Уул сумаас төрсөн шилдэг цөөн тамирчны нэг нь жүдо, самбо, кураш бөхөөр барилддаг ОУХМ Г.Ганцэцэг. Түүнийг жүдод хөл тавьсан цагаас спорт сонирхогчид барилдааныг нь шимтэн үзэж, шигшээ багийн босгоор алхахад нь ирээдүйтэй тамирчин хэмээн онцлон ярих болсон юм. Гадаадын олон тэмцээнд эх орноо төлөөлж оролцдог шавилхан бүсгүйн амжилтуудыг жагсааж бичвэл сонины нэгээхэн зай даанч хүрэлцэхгүй. “Хилчин” спорт хороогоор овоглож, бөхийн төрлүүдийн дэвжээнд зодоглодог түүнд 2024 он аз, амжилт дагуулсан өөдрөг жил байв. Тэрбээр олон улсын болон тив, дэлхийн тэмцээнээс есөн медаль хүртэж, аз хөдөлмөрлөсөн хүнд ирдгийг өөрийн хичээл зүтгэл, зорилго тэмүүллээрээ батлан харуулав. Казахстаны Астана хотод самбо бөхийн энэ оны сүүлийн ДАШТ өнгөрсөн сард болоход байлдааны самбогийн төрөлд мөнгөн медаль хүртсэн түүнийг зочноор урилаа.
-Хөнгөн атлетикаар спортын гараагаа эхлүүлсэн охиныг Б.Мөнхбат дасгалжуулагч хойшид их спортод амжилт гаргахыг олж харсан нь сонирхолтой санагддаг юм.
-Жүдо, самбо бөхөөр ес дэх жилдээ хичээллэж байна. Дорнод аймгийн хөгжмийн мэргэжлийн сургалттай 12 дугаар сургуулийн багш Б.Мөнхбатын удирдлагад анх жүдогоор хичээллэж, их спортод хөл тавьсан. 2017 оноос үндэсний шигшээ багийн босгоор алхаж, “Хилчин” спорт хорооны харьяаллын тамирчин болж байв. Миний амжилтын ард олон хүний тус дэм их бий. Би анх хөнгөн атлетикийн тамирчин байлаа. Тэмцээнд оролцож байхдаа бэртэл авч, хичээллэхээ болиход багш минь “Чи жүдогоор барилдаад үз” гэж зөвлөж, 10, 11 дүгээр ангийн сурагч байхад бүс, улсын тэмцээнд оролцуулахад сонирхолтой санагдсан. Намайг бөхийн спортод амжилт гаргахад мэддэг бүхнээ харамгүй заасан багш нартаа их баярладаг. Улаанбаатарт ирээд ямар клубт очихоо мэдэхгүй явахад “Хилчин” спорт хорооны ерөнхий дасгалжуулагч Х.Эрдэнэт-Од багш, үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч байсан О.Балжинням аварга уриалгахан хүлээж авч, бэлтгэл хийлгэснээр өнөөгийн Ганцэцэгийг бий болгосон. 2018 онд жүдо бөхийн УАШТ-д түрүүлж, Азийн АШТ, Азийн наадамд оролцсон юм. Тэр жил О.Балжинням багш сэтгэлийн дэм өгч, зоригжуулснаар ДАШТ-д хүч сорьсон. Жүдогоор гурван жил хичээллээд дэлхийн дэвжээнд зодоглоно гэдэг миний хувьд том боломж байв. Тэр үед дэлхийн дэвжээ ямар байдгийг жүдо бөх надад анх мэдрүүлж билээ.
-Казахстанд эмэгтэйчүүдийн байлдааны самбогийн ДАШТ-ийг анх удаа зохион байгуулсан нь орон орны үзэгчдийн сонирхлыг их татсан. Астанагийн дэвжээнээс та нэг бус удаа шагнал гардлаа.
-Астана хотын дэвжээ надад ээлтэй санагддаг. Тэнд 2019 онд кураш бөхийн ДАШТ-ийг “Казах кураш” ордонд зохион байгуулахад нь түрүүлсэн юм. Эл ордонд зохион байгуулсан ДАШТ-д энэ жил би байлдааны самбогийн төрөлд мөнгөн медаль гардлаа. Засгийн газрынх нь ордны онцлох сэтгүүл, телевизийн сэтгүүлчид нь намайг финалд шалгарахын өмнө спортын хоёр төрөлд оролцсон гэдэг утгаар онцолж, ярилцлага авсан юм. Сүүлийн жилүүдэд би кураш, самбо бөхийн тэмцээнд хүч сорьж байна. Тиймээс үзэгчид нь намайг кураш бөхийн дэлхийн аварга болох үеэс бөхийн төрлүүдээр хичээллэдгийг мэдсэн. Энэ удаа тулааны төрөлд оролцоход тэд их их гайхсан шүү. Астанагийн дэвжээнээс хүртсэн медаль бол миний сэтгэлийнхээ дуудлагаар очиж авсан шагнал гэж боддог.
-Та сүүлийн үед туухайтай нөхөрлөж, “Өргөө” гийрийн академи байгуулсан байна билээ.
-Би одоо ахлах ахлагч цолтой. “Өргөө” гийрийн академи байгуулж, сургалт явуулж байгаа. Хоёр жилийн өмнөөс самбо бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Г.Үүрцолмон багштай хамтран ажилласан. Тамирчин хүн бэртэл гэмтэлтэй байнга тулгардаг. 2020 онд бэртлээ үзүүлэхэд өвдөгний чагтан холбоос сэмэрч, 75 хувийн урагдалтай гэсэн онош гарав.Тухайн үед эмч нар “Чагтан холбоосоо таслаад хагалгаанд ор, эсвэл спортоор хичээллэхээ бүр мөсөн зогсоо” гэхэд нь Г.Үүрцолмон багшид очоод учраа хэлтэл туухай өргөхийг зөвлөлөө. Хэдэн сар хичээллээд чагтан холбоосоо үзүүлтэл 45 хувийн урагдалтай гарахад эмч гайхаж “Хөдөлгөөн хорих ёстой байтал чи юу хэрэглэв. Ямар дасгал хийсэн бэ” гээд асуухад нь ууланд алхаж, туухай өргөж буй бичлэгээ үзүүлсэн. Тэгтэл “Чи дахиад гурван сар дасгал хийгээд, ирж үзүүлээрэй” гэв. Хэлсэн хугацаанд нь очиход “Чамд 10 хувийн урагдал үлдсэн байна. Барилдааныхаа бэлтгэлийг хөнгөн хийж эхэл” гэснээр дэвжээндээ эргэж ирсэн. Миний цаг хугацаа, зардал мөнгийг хэмнэж, хагалгаанд оруулалгүйгээр туухайгаар эдгээсэн түүнд чин сэтгэлээсээ талархдаг. Өөрийн алдаа дутагдлыг дүү нартаа давтуулахгүйн тулд бэртэл гэмтлийг өөр зүйлээр, дасгал хөдөлгөөнөөр эмчилж болдгийг ойлгуулах зорилгоор гийрийн академи нээсэн учир нь энэ.
-Амаргүй зам туулж, амжилтаас атгасан тэмцээн танд цөөнгүй бий. Өнгөрсөн он жилүүд рүү тань өнгийвөл аль нь сайхан дурсамж үлдээсэн бол?
-Тажикистан улсад өнгөрсөн жил болсон кураш бөхийн Азийн АШТ-д оролцохын тулд би Казахстаны Астана хот хүртэл самбо бөхийн тамирчидтай автомашинаар явсан. Тэднийг нутаг буцахад би тэнд халаасандаа 15 ам.доллартой үлдэж байлаа. Надаас “Чи бидэнтэй хамт буцах уу, эсвэл наанаа үлдэх үү” гэж асуухад нь “Үлдэнэ ээ” гэж хариулсан. Зориг гаргасан шийдвэр минь миний амьдралыг тэр чигт нь өөрчилсөн юм шүү дээ. Буудалд байрлах мөнгөгүй, хаана очихоо мэдэхгүй явахад МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн даргаар ажилладаг байсан Ж.Отгонцагаан ах тус болсон. Самбо бөхийн Азийн АШТ-д оролцох ӨМОЗО-ы тамирчдыг дагуулаад явж байхад нь таарсан юм. Тэд сайхан сэтгэлээр тусалж, буудалд тав хоног байрлах мөнгө өгөв. Астанад 10 хоноход Гавьяат тамирчин Г.Отгонцэцэг эгч тусалснаар улсынх нь шигшээ багийнхантай дөрөв хоног байрлаж, бэлтгэл хийсэн юм. Түүнээс 10 хоногийн дараа миний оролцох тэмцээн эхлэх байв. Тэр тэмцээнд оролцохын тулд цааш хөдөлж, 4800 км замыг машинаар дөрөв хоног туулж, Тажикистанд очсон.
-Тэнд болсон кураш бөхийн Азийн АШТ-д Монголоос та ганцаараа оролцож харагдсан даа.
-Тийм ээ. Монголоос ганц эмэгтэй тамирчин Тажикистаны дэвжээнд хүч үзэхээр болсон нь хүлээж авсан буудлын болон зохион байгуулж буй албаны хүмүүсийн анхаарлыг татсан. Тэмцээн эхлэхээс өмнө би 52 кг-ын жинд оролцохын тулд дөрвөн кг хасах шаардлагатай боллоо. Тажикистаны кураш бөхийн холбооных нь нарийн бичгийн дарга Шамсия Саидова намайг саунд орох, гүйхэд хүртэл нүд салгахгүй ажиглаж хараад байлаа. Тэрбээр танилцсаныхаа дараа “Чи тэмцээнд оролцож чадахааргүй их ядарсан, ухаан алдаж унахаар царайтай харагдсан” гэж билээ. Тэрбээр сэтгэл нь зовниж, надаас “Чи ус уух уу, хоол идэх үү” гээд байн байн асууж байв. Тэмцээн эхлэхээс өмнө би хаана яваагаа стори бичлэг хийж, цахим хуудсандаа оруулан түүнтэй холбогдсон. Тэнд очихын тулд 13 000 км замыг машинаар туулсан. Тэрбээр намайг түрүүлэхэд баяр хүргээд “Ганцэцэг ээ, чи хойшид газраар хэзээ ч явахгүй. Бид чамд онгоцоор үнэгүй зорчих тийз өгнө. Манай улсад болсон тэмцээнд 37 орны 500 гаруй оролцогч өрсөлдсөн. Тэдний дунд чам шиг зориг, тэвчээр гаргаж ирсэн тамирчин байгаагүй. Манайд “Дэлхийн цом”-ын тэмцээн болно. Чиний зардлыг бид даана. Над руу паспортоо явуулаарай” гээд Алматы хүртэл нисэх онгоцны тийз өгсөн. Хэцүү зам туулж явахад таарч, тусалсан хүмүүст би одоо ч баярладаг.
-Та өөрийнхөө төлөө энэ бүхнийг зориглож хийгээгүй бол өнөөгийн амжилтад хүрэх байсан болов уу?
-Миний урагшлах замд тулгарсан саад бэрхшээл амьдралын томоохон сорилго. Хэрвээ зориглож хийгээгүй бол тив, дэлхийн медальтан болж чадахгүй байлаа. Тажик кураш бөхийн ДАШТ өнгөрсөн наймдугаар сард болоход миний нэрийг оролцох боломжгүй гээд хасчихав. Тэгтэл Тажикистаны кураш бөхийн дэлхийн холбооноос намайг оролцуулахаар шийдвэрлэж, урилга илгээсэн. Тэндээс би мөнгөн медальтай эх орондоо ирсэн шүү. Бөхийн бүх төрөлд сууж үүрэх миний дархан мэх. Сүүлийн үед тулааны спортоор хичээллэснээр тив, дэлхийн тэмцээнд өрсөлдөгчдөө гарт өчих мэхээр ялдаг болсон.
-Тамирчин хүн ямар ч саадтай таарсан боломж өмнө нь байдаг гэдгийг цахим хуудсандаа бичсэнийг тань уншаад ойлгосон шүү.
-Спортод цаг зав, хөдөлмөр, итгэл найдвар, сэтгэл, хүсэл мөрөөдлөө харамгүй зориулсан болохоор миний амжилт гаргах цаг ирсэн гэж боддог. Тиймээс дүү нартаа өөрт тулгарсан жаахан сорилыг хэцүү гэж битгий шантраарай. Хичээхэд, хөдөлмөрлөхөд зүтгэлийг тань үнэлэх зүйл байдаг юм шүү. Би Казахстаныг зорихдоо ДАШТ-ээс медаль хүртэнэ гэдгээ мэдэрсэн. Бэлтгэл хийхдээ хүртэл “Бүгдээрээ медаль авчхаад” гээд ярихад манайхан “Чи ингэж хэлэхээ болиоч. Тэнд очоод медаль авахгүй байвал яах юм бэ” гэж билээ. ДАШТ-ий дараа тэд “Амны билгээс ашдын билиг гэдэг. Бүгдээрээ медаль хүртэнэ гэж ярьдаг байсан нь биеллээ” гээд инээж байв. Машинаар олон хоног явахаар тамирчин хүний хөл сэнсэрчихдэг юм билээ. Самбо бөх хөлд орж барилддаг. Өрсөлдөгчөө хөл хамж орохоор юу ч мэдрэхгүй унаад байв.
-Жин хасах нь нэмэхээс ч хэцүү гэж тамирчид ярьж байхыг цөөнгүй сонссон.
-Жин хасахын хэцүүг өөрийн биеэр мэдэрсэн тул эгч нарынхаа амаргүй бүхнийг сэтгэлийн хатаар туулж байсныг их ойлгосон. Би өмнө нь жүдогийн олон улсын тэмцээнд оролцохдоо бэлтгэл хамт хийдэг нөхөд, дасгалжуулагч багш нартай явдаг байв. Харин кураш бөхийн ДАШТ-үүдэд өрсөлдөхдөө ямар ч дасгалжуулагчгүй оролцохдоо “Ганцэцэг ээ, чамайг хэн ч аврахгүй. Чи өөрийгөө л аварна” гэж хэлдэг байлаа. Дэвжээнд гараад ялагдах эрх надад байхгүй. Аваргын төлөө өрсөлдөхөд тухайн улсын шүүгч, тамирчин, үзэгчидтэй нь хамт барилддаг. Миний хувьд өмнө нь өрсөлдөгчөөсөө бус, дэвжээг хараад сүрддэг байлаа. Аль дэвжээнд гарахаа мэдэхгүй сандарна. Ганцаараа тэмцээнд оролцдог болсноор тэр айдсаа давж чадсан. Өнгөрсөн он жилүүдэд би өөрийнхөө бодолд хүлэгддэг байснаа ойлгосон. Тэр үед боломжгүй зүйл ярьдаг, олж хардаг байж. Одоо бол аливаа зүйлийг өөдрөгөөр хардаг болсон. Хүн юу ярина, бодно, түүнийгээ дууддаг гэдэг. 2024 онд дотоод, гадаадын тэмцээнээс есөн медаль хүртсэн. Өөрийгөө нээсэн, хөгжүүлсэн, бас таньж мэдсэн жил байлаа. Надад өмнө нь финалд үлдэнэ гэж итгэлтэй ярих зориг байгаагүй. Байнга айдаст автаж “Би яаж барилдах бол, өрсөлдөгч минь ялах болов уу” гэж өөртөө эргэлздэг байлаа. Дүү нартаа “Та нар эхлээд дэвжээгээ төсөөл. Бэлтгэл хийхдээ ч оролцох тэмцээндээ хожиж байна гэж бод” гэж зөвлөдөг.
-Таныг холимог, гардан тулааны тэмцээнд оролцохыг хараад амаргүй болохыг нь мэдэрсэн шүү.
-Ялагдаж, ялсан минь надад давуу тал болсон. Торон хашаанд ороод түүнийг ялахгүй бол өөрөө нүдүүлэх юм байна гэсэн бодол төрж билээ. Намайг цэргийн байгууллагад ажилладаг болохоор удирдлага маань “Монгол туургатан” гардан тулааны анхдугаар тэмцээнд өнгөрсөн гуравдугаар сард болоход оролцуулсан юм. Үнэнийг өгүүлэхэд, би даргынхаа тушаалаар санаандгүй оролцож, улсын аварга болсон. Тэр тэмцээнээр бөхийн төрлөөс гадна тулааны спортод ч гэсэн хөрвөх чадвар надад бий гэдгийг харуулсан. Би 2021 оноос хувь хүний хөгжил, оюуны дасгалжуулалтаар суралцаж, нэг жил өөртэйгөө ажилласан юм. Тамирчин хүнд би ихэдвэл карьер нь амархан унадаг. Бэлтгэл хийж байхад дүү нар яг миний алдааг давтаж байгаа нь харагддаг. Тиймээс эвтэйхэн, зөв аргаар хэлж ойлгуулахыг хичээдэг юм.
-Дасгалжуулагч болоод багш нарын ажлын хэцүүг ойлгов уу?
-Жүдо бөхийг нутагтаа эрчимтэй хөгжүүлэхэд Б.Мөнхбат, Б.Талынбүүвэй багш нарын хичээл зүтгэл их нөлөөлсөн. Би багш нартайгаа одоо ч холбоотой байдаг. Б.Талынбүүвэй багш байлдааны самбогийн ДАШТ-д оролцоход зардалдаа нэмэрлээрэй гээд нэг сая төгрөг өгөхөд нь их баярласан. Б.Мөнхбат дасгалжуулагч тэмцээний үед олон зүйл хэлдэггүй ч “Зоригтой бай” гэж байнга зөвлөдөг. Өөрөө дасгалжуулагч болчхоод багш нарынхаа тамирчид бэлтгэх ажлын амаргүйг ойлгож байна.
-Олны дунд Дорнод аймгийн удирдлагуудыг тамирчдаа дэмжихдээ тааруу гэх яриа байдаг. Үнэн үү?
-Надад шантармаар үе олон байсан. Гэхдээ амархан бууж өгөхийг хүсээгүй. Хүн өвчин зовлонгүй бол бүхнийг даван туулаад ард нь гардаг. Нутгийнхаа гурван тамирчныг ДАШТ-д оролцоод медальтай ирэхэд Дорнод аймгийн нэг ч удирдлага баяр хүргэж, угтаагүй. Аймгийн зүүн гурван сумын шинэ жилийн баярын үйл ажиллагаанд биднээс хэнийг нь ч урьсангүй. Бидэнд баяр хүргэдэггүй юм гэхэд тив, дэлхийн тэмцээнд амжилт гаргасан хичээл зүтгэл, сэтгэлийг минь жаахан ч гэсэн ойлгодог байгаасай. Тэгтэл Ховд аймгийн тамирчин Б.Баярсайхан өнгөрсөн долоодугаар сард болсон гийрийн сонирхогчдын ДАШТ-д түрүүлэхэд нутгийнх нь удирдлага, зон олон нь баяр хүргэж, сэтгэл өндөр угтахыг хараад бахархаж суулаа. Тамирчин хүн хаана ч очсон эх орноо, төрсөн нутгаа, гэр бүлээ сэтгэлдээ үргэлж тээж явдаг.
-Жүдогийн тамирчдаас та Б.Ганхайчтай ойр дотно нөхөрлөж байгаа харагддаг. Найзаасаа суралцаж, давуу талаар нь бахархдаг биз дээ?
-Тийм ээ, бид сайхан нөхөрлөдөг. Тамирчин байхдаа таван жил цалингүй гүрийж, найзынхаа гэрт толгой хоргодож амьдарсан. Түүний тусархуу, сайхан сэтгэлд талархдаг. Найзаасаа суралцсан зүйл их бий. Том зүйлээр тусалж чадахгүй ч дэргэд нь дэм болохыг хичээдэг юм. Эцэг, эх нь надад аав, ээжээс минь өөрцгүй сайн хандаж ирсэн дээ.
-Тив, дэлхийн дэвжээнээс медаль гардсан охиноороо аав, ээж нь бахархдаг байх.
-Би Баян-Уул сумд амьдардаг эгэл жирийн малчин айлын хүүхэд. Аав минь морин спортын анхны мастер цолтнуудын нэг. Уран уургач шалгаруулах анхдугаар тэмцээн 1996 онд болоход түрүүлсэн байдаг юм. Аавыгаа аваргаар шалгарах тэр жил би төрсөн гэдэг. Аав минь “Намайг ид залуу байхад охин минь төрсөн болохоор авхаалжтай, сэргэлэн, цовоо байгаа юм” гэж ярьдаг. Гэрийнхэн минь намайг спортоор хичээллэсэн цагаас тууштай дэмжсэн. Ялахад минь баярлаж, ялагдахад минь хамт гунигладаг хүн бол аав, ээж л байдаг. Тиймээс тэднийхээ сэтгэлийг чилээхгүй сайн явж, амжилт гарган ачийг нь хариулах сан гэж боддог юм.