Баянзүрх дүүргийн 11, 20 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх 5926, Сонгинохайрханы 21 дүгээр хороон дахь 14 419, нийт 20 345 га талбайг нийслэлийн ИТХ-ын 24/18 дугаар тогтоолоор экологийн коридорын зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авсныг нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв. Эдгээр нь Улаанбаатар хотыг хүрээлсэн зурвас газрууд бөгөөд Хан Хэнтийн нурууны өмнөд хэсэгт орших дархан цаазат Богдхан болон Батхаан, Хөгнөхаан уул, Хустайн нуруу орчмын зэрлэг амьтны нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг хамгаалах, биологийн төрөл зүйлийг доройтол, хомсдолоос сэргийлэхэд нэн чухал нөлөөтэй гэнэ.
Цаашид экологийн коридор бүхий бүс, орон нутгийн тусгай хэрэгцээний газрын менежментийн төлөвлөгөөг “Алсын хараа-2050”, “Тогтвортой хөгжлийн зорилго 2016-2030”, “Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого 2020-2050” зэрэг баримт бичигтэй уялдуулан боловсруулж, холбогдох инженерийн байгууламжуудыг бий болгох, хамгаалалтын бүсэд явуулах үйл ажиллагааг зохих хууль, журмын хүрээнд тогтоох, хязгаарлалтын дэглэм, горим тогтоох ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Нийслэлийн ногоон бүс, түүнийг хүрээлэн буй орчинг хамгаалснаар зэрлэг амьтны тоо толгойн өсөлт, нүүдэл, шилжилт хөдөлгөөнд саад учруулдаг нөлөөллийг бууруулах, генетик солилцоог идэвхжүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах ач холбогдолтойг байгаль орчны мэргэжилтнүүд дурдав.