Монголын өвлийн спортын тамирчид Италийн Милан, Кортина-д’Ампеццо хотод 2026 онд болох өвлийн олимпын наадамд оролцох зорилгоор 2024-2025 оны цас, мөсний улиралд Азийн өвлийн наадам, оюутны универсиад тэмцээнд өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж буй. Тэшүүрчид БНСУ-д, уран гулгалтын тамирчид Японыг зорьсон. МҮОХ-ноос өвлийн спортын тамирчдаа дэмжин, Испанийн “Кельме” брэндийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газартай ярилцаж, Италийн Турин хотод нэгдүгээр сард зохион байгуулах дэлхийн оюутны 31 дэх универсиад, БНХАУ-ын Харбинд хоёрдугаар сард болох Азийн өвлийн IX наадамд оролцох тамирчдадаа тус брэндийн 13 нэр, төрлийн иж бүрэн хувцас сонгон, ССАЖЗЯ, БТСУХ-той хамтран санхүүжилтийг нь шийдэж, захиалсан аж. “Кельме” компанийн Улаанбаатар дахь ерөнхий менежер А.Баясгалан болон албаны бусад хүнтэй уулзаж, хувцасны нэр, төрөл, өнгө, тоо ширхэг зэргийг сонгон, захиалгаа эцэслэн өгсөн байна. Тиймээс хувцас, хэрэглэлийг ойрын хугацаанд Улаанбаатарт авчирч, тамирчдад өгөхөөр боллоо.