Нийслэлийн иргэдийн өвлийн улиралд хэрэглэх махны хангамжийн тогтвортой байдлыг хадгалах, орон нутгийн малчдын цагаан идээ, мах, тариаланчдын жимс, жимсгэнийг дундын зуучлалгүйгээр хэрэглэгчдэд хүргэх зорилготой “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдааг өнгөрсөн баасан гарагт эхлүүллээ.
“Хоршоологчдоос-Хотынхондоо” уриатай эл үзэсгэлэнг энэ сарын 21 хүртэл Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд зохион байгуулах аж. Уг нь өнгөрсөн пүрэв гарагт эхлүүлэх хуваарьтай байсан ч тодорхойгүй шалтгааны улмаас нэг өдрөөр хойшлуулсан. Үзэсгэлэн худалдаа хойшилсныг зохион байгуулагчид иргэдэд анхааруулж, мэдэгдээгүй. Үүний улмаас идшээ базаахаар төлөвлөсөн цөөнгүй хүн өнгөрсөн пүрэв гарагт Төв цэнгэлдэх хүрээлэнд очсон ч юу ч байсангүй. Өвлийн хүйтэнд, замын түгжрэл ихтэй үед албаныхны мэдээлэлд хууртаж, цагаа дэмий үрсэндээ иргэд бухимдаж байв. Үзэсгэлэн худалдааг яагаад хойшлуулсан талаар холбогдох байгууллагынхнаас тодруулахад дорвитой хариу өгөлгүй нэг нэгэн рүүгээ түлхээд өнгөрлөө.
Энэхүү үзэсгэлэн худалдааны хүрээнд гарал үүсэл нь баталгаатай, эрүүл малын мах, сүү, цагаан идээг худалдан авах боломжтой. Мөн тухайн орон нутгийн онцлогийг шингээсэн бүтээгдэхүүн болон шинэ ургацын улаан буудайн гурил, цагаан будаа, ургамлын тос зэргийг бөөний үнээр борлуулах аж. Тухайлбал, үхрийн цул мах кг нь 12-13 мянга бол хонь 10-11, адууных найман мянган төгрөгийн үнэтэй аж. Харин ааруул кг нь 35-40, өрөм 30-40, ээзгийг 13 мянгаар худалдаж байна.
У.Цэцэг