Дуурь бүжгийн эрдмийн театрынхан шинэ бүтээлээ энэ оны сүүлчээр сонгодог урлаг сонирхогчдод хүргэхээр товложээ. Тус театрынхан Ардын жүжигчин А.Энхтайваны “Тэнгэрийн элч” түүхэн дуурийг толилуулахаар бэлтгэж буй аж. Эл бүтээлээ энэ сарын 28, 29-нд үзэгчдэд хүргэхээр төлөвлөжээ. Тэмүжин эцэг Есүхэй баатраас үлдээсэн өв болох найман шарга морио алдаад, нарийн өвсний налархай даган хайж явсаар хөхүүрийн талд хүрч Аралуд аймгийн Наху баяны хүү Боорчитой танилцаж анд барилддаг талаар “Монголын нууц товчоо”-нд өгүүлдэг. Тэр цагаас хойш Их Монгол Улсыг нэгтгэн, төр улсаа төвшитгөх хүртэл нь Чингис хаантай хамт зүтгэж явсан Боорчийн үнэнч сэтгэл, эр хүмүүний нөхөрлөлийг “Тэнгэрийн элч” дуурьд үзүүлэх нь.
Ч.Зул