“Бодлогод залуусын хяналт” ТББ-аас санаачлан “Нээлттэй нийгэм форум”-ын дэмжлэгтэйгээр “Дата эрх чөлөө” үзэсгэлэнг өчигдөр нээв. Энэ жилийн хувьд “Дата эрх чөлөө: Сонгууль 2024” сэдвийн хүрээнд уг үзэсгэлэнг олон нийтэд танилцуулсан бөгөөд энэ сарын 13 хүртэл “Norphei art” галерейд үргэлжлэх юм байна.
Дөрөв дэх удаагаа зохион байгуулж буй дата мэдээллээс онцлох тоонуудыг танилцуулъя. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд Улаанбаатар хотод болон орон нутагт нийт 212 хэсгийн хороонд 240 ажиглагч ажилласан байна.
Тэд 11 байгууллага, 80 хувь иргэнээс 12 сая төгрөгийн хандив цуглуулсан аж. УИХ-д сонгогдсон гишүүдийн 2023 оны хөрөнгө, орлогын мэдүүлгээс харахад жагсаалтыг ССАЖЗ-ын сайд Ч.Номин тэргүүлжээ. Тэрбээр 19.7 тэрбумын хөрөнгө (орон сууц, барилга, тээврийн хэрэгсэл, мал, газар, үнэт эдлэл), 2.6 тэрбум төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлсэн байна.
Түүний дараагаар УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Д.Батбаяр, Б.Түвшин, С.Амарсайхан нар бичигджээ. Харин МАН-ын сонгууийн нийт санхүүжилт 51.4 тэрбум төгрөгт хүрсэн бол АН-ынх 29 тэрбум төгрөг байжээ.
Ч.Болор