Монголын үндэсний өдөр тутмын анхны чөлөөт хэвлэл “Өнөөдөр” сонин, БНСУ-ын “Ханян” эдийн засгийн сонинтой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Хоёр улсын хэвлэл мэдээллийн салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, эдийн засаг, соёлын солилцоог идэвхжүүлэх зорилгоор байгуулсан энэ санамж бичгийн хүрээнд улс орондоо өрнөж буй эдийн засгийн онцлох гол үйл явдал, тулгамдсан асуудлуудын мэдээлэл бэлтгэх, энэ чиглэлээр мэдээ, нийтлэл бичдэг сэтгүүлчдээ солилцох, хоёр улсын эдийн засгийн форумд хамтран оролцох, дижитал платформ ашиглан мэдээллээ түгээх юм.
Санамж бичигт “Өнөөдөр” сонины Бизнес хөгжил, гадаад бодлого хариуцсан орлогч эрхлэгч Б.Баярмагнай, “Ханян” эдийн засгийн сонины ерөнхий захирал Чон Кюү Сон нар гарын үсэг зурсан юм. Энэ үеэр Чон Кюү Сон “Хоёр орны нийгэм, эдийн засаг, соёлын мэдээллийг монголчуудад хүргэх, Монголын эдийн засаг, уул уурхай, хөрөнгө оруулалтад хэрхэн хамтарч ажиллах боломжтой талаар солонгосчууд, хөрөнгө оруулагчдад таниулах зорилгоор энэ санамж бичгийг байгуулж байна. Ингэснээр хоёр орны эдийн засаг харилцан ашигтай хөгжих, мэдээллээр бүрэн хангагдах боломжтой гэж бид үзэж байгаа юм” хэмээлээ.
“Ханян” эдийн засгийн сонин нь БНСУ-даа эдийн засгийн чиглэлийн тэргүүлэгч хэвлэл бөгөөд цахим орчинд ч олон төрлийн платформоор дамжуулан мэдээ мэдээллээ түгээдэг аж.