Хиймэл оюун ухаан улам боловсронгуй болж, өдөр бүр шинэчлэгдсээр. Иймд техник, технологийн хэрэглээнээс үүдэлтэй болзошгүй аюулаас сэрэмжлэх нэн шаардлагатайг эрдэмтэд дэлхий нийтэд анхааруулсаар байна. AI-ийн “загалмайлсан эцэг” гэгддэг Жеффри Хинтон 2023 онд “Google” компани дахь албан тушаалаа орхисныхоо дараа “Хиймэл оюун хүн төрөлхтнөөс ч илүү ухаалаг болж, биднийг удирдах магадлалтай. Тиймээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар санаа зовж, шийдэл олох хэрэгтэй” гэсэн байдаг. Ер нь зөвхөн Жеффри Хинтон бус, олон эрдэмтэн, судлаач үүнд санаа зовсоор буй. “Tesla” болон “SpaceX”-ийг үүсгэн байгуулагч Элон Маск ч хиймэл оюун ухааны томоохон туршилтуудыг түр зогсоохыг уриалж, технологи нь нийгэм болон хүн төрөлхтөнд маш их эрсдэл учруулж болзошгүйг анхааруулсан.
Энгийнээр хэлбэл, хиймэл оюун нь хүн төрөлхтний ухаан зарж хийдэг ажлыг хялбар гүйцэтгэх чадвартай машин, нэг төрлийн робот юм. Хүний сэтгэхүйг дуурайлган үүнийг хийсэн бөгөөд ижил түвшинд хүргэхийг үргэлж зорьдог технологийн нэг төрөл. Тэд бол бидний хийдэг зарим үйлдлийг орлох чадвартай, техник, технологийн шинэ нээлт юм. Хиймэл оюун ухаан гэхээр монголчууд тэр бүр ойшоодоггүй. Гэвч үүнийг ашиглан бүтээсэн AR, VR, “Siri”, “Google”, фэйсбүүк, инстаграм зэрэг платформ нь хэдийн бидний өдөр тутмын хэрэглээ болжээ. Цахим орчноос ганц хоног л холдоход “орчлонгоос тасарч”, мэдээллээс хөндийрдөг.
Үхсэн хүнийг ч “амилуулна”
Хиймэл оюун ухаанаар бүтээсэн зураг, бичлэг, дуу хоолой өөрчлөх хэрэгсэл, улс төр, нийгмийн хүрээнд цацаж буй хуурамч мэдээлэл зэргээс шалтгаалан хэвлэл мэдээллийн хэрэгслийн нийгэмд эзлэх байр суурь ганхаж байна. Хүссэн хүн нь технологийн тусламжтайгаар онлайн мэдээллийн сайтыг ганцаараа ажиллуулж, хүмүүсийн мэдэх эрхэд халдах нь олширчээ. Иргэдийн олонх нь мэдээллийн үнэн бодит, эсэхийг ялгах чадваргүй болж. Нүд үнэн, чих худал гэх хэлц өнөө цагт үнэ цэнээ алдсан. Үхсэн хүнийг ч амилуулан, хүссэн хүнтэйгээ хамт байгаагаар бичлэг хийж, эвлүүлэх нь түгээмэл. Түүнчлэн мэдээллийн аюулгүй байдал бараг л гамшгийн түвшинд хүрсэн. Зарим зохиолчийн дөнгөж худалдаанд гаргасан ном, кино, сэтгүүл зэргийг “Darkweb” рүү нэтрээд л үзэх боломж бүрджээ.
“Ave рoint” компанийнхан 2024 онд хийсэн судалгаагаараа аж ахуйн нэгжүүдийн хамгийн их санаа зовдог зүйл нь мэдээллийн аюулгүй байдал, нууцлал болсныг тогтоогоод байна. Учир нь хиймэл оюун ухаанд их хэмжээний өгөгдөл төвлөрдөг. Гэхдээ тэдгээрийг юунд хэрхэн ашигладаг нь тодорхойгүй. Бас үүнтэй холбоотой зохицуулалт хомс буюу бараг л байхгүй. Тиймээс бизнес эрхлэгчид мэдээллийн баазаа алдлаа гэхэд хэнд, хэрхэн хариуцлага тооцох нь тодорхойгүй аж. Ер нь хиймэл оюун ухаан маш хурдан хөгжиж, илүү мэдрэмжтэй болж, хүний хяналтаас гарах дөхсөнийг судлаачид сануулсаар л байгаа.
Тухайлбал, хэдэн жилийн өмнө ОХУ-ын нэгэн гэр бүлийн 14 настай охинд интернэтээр жирэмсний бараа, бүтээгдэхүүний сурталчилгаа иржээ. Аав, ээж нь гайхаж, жаахан охинд нь зохисгүй бараа сурталчилсан компанид гомдол гаргав. Гэтэл хиймэл оюун ухаан тухайн охины байр байдал, бүхий л зүйлд үнэлгээ хийсний эцэст хөл хүнд гэж тооцсон байна. Ингээд шинжилгээ хийлгэтэл охин үнэхээр жирэмсэн байжээ. Хиймэл оюун ухаан ийм дүгнэлт хийх хэмжээнд хөгжсөн талаар цахим орчинд хэсэг шуугиад л өнгөрсөн. Энэ мэт цөөнгүй жишээнээс хиймэл оюун ухааны гайхамшигтай, бас аюултай талыг нь харж болох юм.
Роботууд хууль сахиулах байгууллагын ирээдүй мөн үү
AI технологи илүү хүртээмжтэй болохын хэрээр гэмт хэрэгт ашиглах хүмүүсийн тоо нэмэгдсээр байна. Цахим орчноор халхавчлан нэр, нас, хүйсээ нуун бага насны хүүхдүүдийг сүрдүүлж, мөнгө нэхэх нь Монголд төдийгүй дэлхий нийтэд түгээмэл. Манай улсын иргэдийн цахим орчны талаарх ойлголт тааруу. Тиймээс хувийн мэдээллээ алдаж, цахим залилангийн хохирогч болох нь цөөнгүй. Ихэвчлэн бага насны хүүхдүүд болон 40-өөс дээш насныхан энэ төрлийн залилангийн хохирогч болдгийг холбогдох албаныхан ч хэлдэг. Цахим залилан үйлдэгчид ихэвчлэн хиймэл оюун ухаан ашиглан дуу хоолойгоо өөрчилж, бусдын дүрд хувирдаг гэнэ. Үүнээс гадна АНУ-ын цагдаагийн газрууд гэмт хэрэг хаана гарахыг урьдчилан таамаглах үүрэгтэй алгоритмуудыг түгээмэл ашиглах болжээ. Энэ нь нэг талаар технологийн эрин зуунтай хөл нийлүүлэн алхаж буйн жишээ. Гэхдээ нөгөө талаас цагдаагийн роботууд хууль сахиулах байгууллагын ирээдүй мөн үү гэвэл бас л эргэлзээтэй асуудал. Мөн БНХАУ оффис, сургууль болон гудамж, талбайдаа царай таних технологи ашиглах нь нэмэгджээ. Тус улсын эрх баригчид иргэдийнхээ харилцаа холбоо, улс төрийн үзэл бодлыг нь хянах зорилготой мэдээллүүдийг ингэж цуглуулдаг юм байна.
Ташрамд дурдахад, зөвхөн нэг талыг барьсан хиймэл оюун ухаан нь Европын орнуудад шударга бус байдал, ялгаварлан гадуурхах үзэгдлийг тэлсээр буй. Мөн AI технологид хэт найдах нь хүний нөлөөллийг бууруулах эрсдэлтэй юм байна. Жишээлбэл, хиймэл оюун ухааныг эрүүл мэндийн салбарт ашиглах нь хүний өрөвдөж энэрэх сэтгэл хөдлөлийг буруулдаг аж. Тэгэхээр хиймэл оюун ухаан нь бидний өдөр тутмын ажлыг хялбарчлахад чухал ач холбогдолтой байж болох ч алсдаа нийгмийг сүйрүүлж, хүн төрөлхтнийг орлох хүчтэй “зэвсэг” юм.
Дэлхий нийтээрээ хиймэл оюун ухааныг хэрхэн зохицуулж, хянах талаар санал бодлоо солилцсоор буй. Тухайлбал, АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден холбооны агентлагуудад хиймэл оюун ухаан, аюулгүй байдлын шинэ дүрэм, удирдамж боловсруулахыг шаардсан захирамж 2023 онд гаргаж байв. Тэгэхээр энэ нь зөвхөн нэг хүн, аль эсвэл ганц улсад тохиолдоод буй “сүйрэл” биш. Дэлхийн нийтийг хамарсан цар тахлаас ч хүчтэй, хор уршиг, сөрөг үр дагавартай болохыг нь сүүлийн жилүүдэд эдгээр технологийг зохион бүтээгчид нь сануулж байна. Гэтэл манайхан технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн алхаж байна гээд л хамаг мэдээллээ алдаж, хүүхдүүдээ “шилэн” төхөөрөмжийн хамааралтай болгосоор буй.
Ажлын байруудыг “эзлэх” нь
Хүн төрөлхтний өдөр тутмын амьдралд ухаалаг робот, интернэт, үүлэн тооцоолол, хиймэл оюун ухаан, автоматжуулалт, VR, AR гэх технологи нэвтэрч, хиймэл оюун ухаан хүрээгээ тэлсээр байна. Эдгээр технологийн ачаар бид цаг хугацаа, хөрөнгө мөнгөө хэмнэж, илүү хялбар амьдрах боломжтой боллоо. Тухайлбал, 2023 онд “OpenAI” компанийнхан “ChatGPT” технологийг шинээр нэвтрүүлснээр зөвхөн “Google”, “Wikipedia”-д хязгаарлагдахгүйгээр олон эх сурвалжаас мэдээлэл цуглуулах боломж нээгдэв. Гэхдээ энэ нь олон сөрөг талтай. Тухайлбал, хүүхдүүд “ChatGPT” ашиглан гэрийн даалгавраа хийх нь олширсон. Ингэхдээ зургийг нь оруулаад л бодлогоо бодуулж, эсээ бичүүлнэ. Нэг талаас хүний цаг завыг хэмнэж буй шийдэл хэдий ч улс орны ирээдүй болсон хүүхэд, залуучуудыг бэлэнчлэх сэтгэлгээнд сургаж, технологийн боол болгож буйн илрэл. Улмаар тэдний бүтээлчээр сэтгэх чадвар буурч, аливааг өөр өнцгөөс харж, шинийг санаачлах хүсэл эрмэлзэл үгүй болж байна. Үүнтэй төстэй хиймэл оюун ухаанд суурилсан хайлтын системүүдийг бусад томоохон компаниуд ч хөгжүүлж, туршсаар л. Гэвч үүнээс үүдэн зарим ажлын байр ойрын ирээдүйд үгүй болох нь. Жишээлбэл, худалдагч, угтагч, хүлээн авагч, хэрэглэгчийн үйлчилгээний төв, банк санхүүгийн ажилтан, зохиолч, орчуулагч, жолооч, маркетингийн менежер зэрэг хэд хэдэн ажлын байр устах эрсдэлтэй гэнэ. Хиймэл оюун ухаанд суурилсан төхөөрөмжүүдийн хурдтай өсөлт нь ажилгүйдлийн түвшин нэмэгдэхэд ихээр нөлөөлнө гэсэн үг. Ер нь үүнээс шалтгаалсан ажлын байрны хомсдолоос үүдэлтэй нийгэм, эдийн засгийн тэгш бус байдал улам бүр нэмэгдэх хандлагатайг судлаачид онцолж буй. Тухайлбал автоматжуулалтаас болж оффисын ажилтнуудын цалин 70 хувиар буурчээ.
Нэр, нас, гэрийн хаяг, утасны дугаар, санхүүгийн мэдээллээ бусадтай бүү хуваалц
AI системтэй харилцахдаа одоо болон ирээдүйд мэдээллээ хамгаалах нь бидний аюулгүй байдлын хамгийн чухал хэсэгт тооцогдох юм. Тухайлбал, хувийн мэдээллээ бусадтай хуваалцахаас зайлсхий. Бүтэн нэр, хаяг, утасны дугаар, санхүүгийн мэдээлэл, нууц үг зэргийг хуваалцаж болохгүй. Мөн AI үйлчилгээ таны өгөгдлийг хэрхэн хадгалж, боловсруулж, ашигладаг болохыг шалга. Ингэхдээ хамгийн найдвартай платформуудыг сонгох ёстой. Бас хамгаалалтгүй, эсвэл нийтийн wi-fi сүлжээнд нэвтрэхээс болгоомжлох шаардлагатай аж.
У.Цэцэгсүрэн