Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны нутагт орон сууцын агааржуулалтын хоолой шатаж дөрвөн хүн угаартжээ.
Тодруулбал, тус дүүргийн хоёрдугаар хорооны нутагт утаа гарч байна гэх дуудлага мэдээлэл уржигдар 23.32 цагт онцгой байдлын албанд иржээ. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид очиход тухайн байрны нэгдүгээр давхрын агааржуулалтын хоолой шатаж, 11-12 дугаар давхарт их хэмжээний утаа тархсан байж. Алба хаагчид барилгын агаарыг сэлгэн, галыг бүрэн унтраажээ. Тухайн байрны арванхоёрдугаар давхарт оршин суудаг 1-27 насны дөрвөн хүн угаартсан байсныг нийслэлийн Яаралтай түргэн тусламжийн төвд хүлээлгэн өгсөн байна. Мөн утаажилтын бүсээс 45 хүн гаргасан гэнэ.
У.Цэцэг