Хотын дарга Х.Нямбаатар Төв цэнгэлдэх хүрээлэнгээр байн байн эргэлдэж, улмаар “Нийслэл 100 хувь мэдэлдээ авлаа” гэж попорсон нь өнгөрсөн дөрөвдүгээр сард өрнөсөн үйл явдал. Түүний санаачилга энд хүрээд зогсохгүй байж. Учир нь Төв цэнгэлдэх хүрээлэнг ирэх оноос эхлэн таван жилийн хугацаанд засаж шинэчлэх санаачилгыг тэрбээр гаргачхаад байна. Улаанбаатарт яг одоо цэнгэлдэх хүрээлэн хэрэгтэй юү. Эсвэл хүүхдийн эмнэлэг, сургууль барих, утаа, түгжрэлээ бууруулах нь чухал уу. Ийм асуултад иргэд хариулахдаа утаа бууруулах, эмнэлэг, сургуулийнхаа хүрэлцээг сайжруулах гэх мэтээр хоолойд тулсан асуудлаа хэлэх нь гарцаагүй. Харин хотын удирдлага, ялангуяа нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар шинэ цэнгэлдэх хүрээлэн барих нь илүү чухал гэж үзэв. Нийслэлийн оршин суугчдад эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөл бус, харин жилд ганц, хоёрхон удаа очиж баясаж зугаацах газар л хэрэгтэй гэж хотын дарга тооцоолоод байгаа хэрэг. Үүнээс өөр санаа зовох зүйлгүй, элдэв асуудалгүй хотод амьдраад буй ч юм шиг.
Нэг их наяд төгрөг бага мөнгө үү
Дарга нарын хурал зохион байгуулдаг дон эх орноосоо халиад олон улсад гарч байгаа. Үүний нэг жишээ нь, урд хөршийн Бээжин хотод энэ сарын эхээр зохион байгуулсан “UB opportunity” гэх сүржин нэртэй, Улаанбаатар хотод хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг танилцуулж, хөрөнгө оруулалт татах гэсэн “тэнгэрийн” зорилготой чуулга уулзалт юм. Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар мөрөөдлийн хэд хэдэн төслөө онцлон ярьсны нэг нь Төв цэнгэлдэх хүрээлэнг шинэчлэн барих байв. Тэрбээр тус хүрээлэнг орчин үеийн стандартад нийцсэн арена хэлбэртэй, 30-35 мянган хүний суудалтай болгохоор төлөвлөснөө онцолжээ. Ингэхдээ нээгдэж, хаагддаг автомат дээвэртэй, олон улсын урлаг, спорт, наадмыг жилийн аль ч улиралд зохион байгуулах боломж бүрдүүлнэ гэж мөрөөдөж яваагаа дурдсан байна.
Хамгийн гол нь шинэ цэнгэлдэх хүрээлэн барихад нэг их наяд төгрөг зарцуулах гэнэ. Нөгөөтээгүүр, үүнийг эзгүй газарт барихгүй. Харин одоогийн Төв цэнгэлдэх хүрээлэнг буулгаад, газарт нь дөрвөн улирлын турш ашигладаг байгууламж барих юм байх. Түүнчлэн хүрээлэн барих мөнгөө хаанаас гаргах нь ойлгомжгүй бөгөөд “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ” гэх бүрхэг зорилго тавьчихсан сууна. Мэдээж дарга нар хувиасаа хөрөнгө гаргахгүй нь ойлгомжтой. Тийм учраас хотын төсвөөс, эсвэл өндөр дүнтэй бондуудын мөнгийг л ашиглаж таарах биз ээ.
Тооцоо судалгаагүй ч төлөвлөж чадна
Ямар ч тооцоо судалгаагүй хэрнээ гэнэт шийдвэр гаргаж, хэрэгжүүлэхээр тулгадаг, тэр хэрээр иргэдийг хохироодог нь хотын дарга Х.Нямбаатарын гол онцлог гэхэд болно. Төв цэнгэлдэх хүрээлэнг шинэчлэх ажилд нь ч ТЭЗҮ, зураг төсөв алга. Жишээ нь, төслийн техник, эдийн засгийн урьдчилсан судалгааг одоо л хийж буй гэх. Нэг их наяд төгрөгөөр барина гэдэг тооцооллоо ч бас таамаг төдийгөөр гаргасан байгаа юм. Тухайлбал, “Төв цэнгэлдэх хүрээлэн” компанийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан “Олон улсын жишгийг харвал ийм хэмжээний цэнгэлдэх хүрээлэн барих өртөг 300 сая ам.доллар буюу нэг их наяд төгрөг” гэж ярьжээ.
Ямартай ч нэн тэргүүнд цэнгэлдэх хүрээлэнгийн зураг төслийн тендерийг ирэх оны нэгдүгээр улиралд багтаан зарлах аж. Ингээд 9-12 сарын хугацаанд зураг төслөө боловсруулах юм байх. Улмаар 2025 оны сүүлчээр одоогийн цэнгэлдэх хүрээлэнг буулгаж эхлэхийн зэрэгцээ барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, бүтээн байгуулалтыг эхлүүлэх төлөвлөгөө ч гаргаж амжжээ. Ингээд шинэ хүрээлэнг 2029 онд ашиглалтад оруулах гэнэ. Том цэнгэлдэх хүрээлэн барих туршлага дотоодын компаниудад үгүй тул олон улсын тендер зарлана.
Эрэмбэ дараалал алдагдав
“Улаанбаатар хотод цэнгэлдэх хүрээлэн барих бол 100 дахь асуудал. Үүнээс өмнө нэн даруй шийдэх ёстой ажил бий” гэж өнгөрсөн аравдугаар сард болсон нийслэлийн ИТХ-ын сонгуульд АН-аас өрсөлдсөн нэр дэвшигч Б.Батхишиг хэлж байв. Эрх баригчид ямар ч тооцоо судалгаагүйгээр, асуудлуудын эрэмбэ дарааллыг харгалзалгүйгээр шийдвэр гаргадгийг тэрбээр ийнхүү шүүмжилсэн. Иргэд ч бас ингэж үзэж байгаа.
Харин МАН-аас нэр дэвшигч Ж.Энхжаргалан “Монгол залууст шинэ цэнгэлдэх хүрээлэн үнэхээр их шаардлагатай. Улаанбаатар хотын залууст чөлөөт цагаа өнгөрүүлэх барилга, байгууламж алга. Ийм байгууламж нь улсын бахархал болсон мега төсөл. Түүгээр дамжуулж улс орны эв нэгдлийг бэхжүүлдэг. Орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, урлаг, спортын уралдаан, тэмцээн зохион байгуулдаг, дөрвөн улирлын турш ашиглах боломжтой цэнгэлдэх хүрээлэн барих цаг нь болсон” гэж байлаа. Тэрбээр яг ингэж ярьсаар Хан-Уул дүүргээс нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч болон сонгогдсон. Бас сонгуулийн дараа “Төв цэнгэлдэх хүрээлэн” компанийн гүйцэтгэх захирлын ажлаа ч үргэлжлүүлэн хийж буй юм.
Олон улсын жишгийн эсрэг явах нь
Төв цэнгэлдэх хүрээлэнг 1956 онд ашиглалтад оруулсан бөгөөд одоо 6000 суудалтай. Наадмын үеэр хуванцар сандлууд нэмж байрлуулаад суудлын тоог 12 000-д хүргэдэг аж. Зуны хугацаанд тус хүрээлэнд урлагийнхан тоглолт хийдэг. Бусад тохиолдолд огт ашигладаггүй. Өөрөөр хэлбэл, ямар ч үр ашиггүй, иргэдийн өдөр тутмын амьдралд төдийлөн нэмэр болдоггүй атал Төв цэнгэлдэх хүрээлэнг яаран шинэчлэх хэрэг байхгүй.
Тэгээд ч олон улсад ямар нэгэн бүтээмжгүй, бас тогтмол ашиглахгүй хэрнээ төсвийн мөнгийг үргүй зарцуулдаг байгууламж барихаас аль болох татгалзаж, хямд төсрөөр шийдэхийг эрмэлзэж байна. Жишээ нь, Олон улсын олимпын хороо томоохон тэмцээн, уралдаан зохион байгуулагчдад хандан их бүтээн байгуулалт хийх бус, түр зуурын байгууламж бий болгохыг хоёр жил гаруйн өмнөөс уриалсан. Хэрэв том байгууламж барих бол тухайн улсын ард иргэд нь дэмжсэн байх ёстойг ч уриалгадаа дурдсан нь бий. Гэтэл манайх олон улсын бодлогын эсрэг яваад байна гэсэн үг.
Түгжрэлийн төв дунд барина
Хотын удирдлагууд цэнгэлдэх хүрээлэнг алслагдсан бүсэд бус, түгжрэлийн төв дунд буюу одоогийн газарт нь, орон сууцуудаар хүрээлэгдсэн байршилд барих юм гэсэн. Ингэхдээ “Дэлхий дахинд орчин үеийн стандартад нийцсэн цэнгэлдэх хүрээлэн болон аренаг хотоос зайдуу биш, төвд байгуулах жишиг тогтож байгаа. Учир нь дэд бүтцээ хэдийн шийдсэн байдаг бөгөөд иргэд үзвэр үйлчилгээ үзэхдээ хол явахгүйгээр цаг хугацаа, хөрөнгө мөнгөө хэмнэх боломжтойгоороо давуу талтай” гэсэн суртал ухуулга хийх болжээ. Уг нь томоохон наадам, олон улсын уралдаан, тэмцээн зохион байгуулахад тохиромжтой газар Хүй долоон худагт бий. Э.Бат-Үүл нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа тэнд наадмаа зохион байгуулах, цаашлаад цэнгэлдэх хүрээлэн барих санаачилга гаргаж байв.
Гэтэл хотын одоогийн удирдлага замын түгжрэлээ улам ихэсгэхээр шийдээд байгаа хэрэг. Эл шийдлийг Ж.Энхжаргалан маш гоёор буюу “20 минутын хот”-ын хүрээнд иргэд хаанаас ч алхаад ирэх боломжтой, хамгийн зөв байршил нь одоогийн Төв цэнгэлдэх хүрээлэн. Нийгэм, эдийн засгийн хувьд хамгийн эергээр нөлөөлөх байршил нь энэ. Үүнийг би ч хэлээд байгаа юм биш, гадаадын мэргэжилтнүүд ирж үзээд ингэж зөвлөсөн” гэж тайлбарлажээ. Хэн гэдэг гадаадын мэргэжилтэн манай дарга нарт ингээд зөвлөчихсөн юм бол. Тэгээд ч гадаадынхан хэлэхээр л зөв болчихдог ч юм биш. Харин бодит байдалд тус хүрээлэнд тоглолт үзэх хүн Сонгинохайрхан дүүргээс ирэхийн тулд 20 минут бус, багадаа 2-3 цаг зарцуулна.
Иргэдийн ая тух хамаагүй
Төв цэнгэлдэх хүрээлэнд зундаа хэдхэн тоглолт зохион байгуулахад л ойр орчимд нь оршин суудаг иргэд маш их дарамтад өртдөг. Тухайн хэсэгт амьдардаг оршин суугчид аргаа барсандаа өнгөрсөн наймдугаар сард “Төв цэнгэлдэх хүрээлэн” компанийнханд шаардлага хүргүүлж байв. Учир нь хүрээлэнд тоглолт болсон өдөр маш их дуу чимээ гардгаас шалтгаалаад оршин суугчид унтаж чаддаггүй. Мөн орон сууцуудын ойр орчмын бохирдол хэрээс хэтэрч, иргэдийн аюулгүй байдал ч алдагддаг. Тиймээс эдгээр асуудлыг цэгцэлж, ядаж цагийн хязгаартай үйл ажиллагаа явуулах талаар иргэд холбогдох албаныханд шаардлага тавьсан. Гэвч ямар нэгэн арга хэмжээ авахгүй байсаар хүйтний улиралтай золгоод буй билээ. Энэ мэт олон асуудал, иргэдийн шаардлага Төв цэнгэлдэх хүрээлэнг шинэчлэн барих хэрэггүйг нотлоод байна. Хотын дарга энэ саналыг хүлээж авах уу, эсвэл дур зоргоороо зүтгэх үү гэдгийг ирэх онд өрнөх үйл явдлууд л харуулах нь.
М.Оч