Хүйтний эрч чангарч, агаарын бохирдол ихсэхтэй зэрэгцэн Улаанбаатар хотод амьдардаг ээжүүд, тэр дундаа бага насны хүүхэдтэй эхчүүдийн сайн сайхан байдал хувь хүнээс үл хамааралтайгаар эрс буурдаг гэнэ. Тодруулбал, нийслэлд амьдардаг ээжүүдийн сайн сайхан байдлыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргын дагуу 10 гол шалгуураар үнэлэхэд эрүүл мэнд, эдийн засаг, нийгмийн харилцаа, боловсрол гэсэн дөрвөн үзүүлэлт агаарын бохирдлын улмаас хүчтэй доголдож байгаа нь илэрчээ.
Монгол дахь хараат бус судалгааны хүрээлэн (IRIM)-гийнхэн “Монгол Улс дахь бага насны хүүхэдтэй ээжүүдийн агаарын бохирдолтой үеийн нийгмийн сайн сайхан байдал” сэдэвт судалгаа хийгээд ийнхүү дүгнэжээ. Судалгааг дүрс зургийн дуу хоолой хэмээх аргаар хийсэн бөгөөд нийслэлийн хамгийн бохир агаартай бүсэд гэр, орон сууцад амьдардаг, сургуулийн өмнөх болон сургуулийн насны хүүхэдтэй 10 ээжийн аж байдлыг нэг сарын туршид тандаж, өдөр тутмын мэдээллийг нь зургаар баталгаажуулан, дата цуглуулсан байна. Ингэхэд агаарын бохирдлын нөлөөгөөр ээжүүдийн өдөр тутмын амьдралын хэмнэл, хэв маяг мэдэгдэхүйц өөрчлөгдөж, эдийн засгийн дарамтад орон, нийгмийн харилцаа нь хязгаарлагдаж, өөрийнх нь болон гэр бүлийн гишүүдийнх нь боловсрол, эрүүл мэндэд олон асуудал тулгардаг нь тогтоогджээ. Үүнээс үүдэлтэйгээр сэтгэлээр унах, сэтгэл хөдлөл багасах, амьдралын сэтгэл ханамж буурах хандлага түгээмэл ажиглагдсан аж.
Ээжүүд агаарын бохирдлоос үүдэлтэй бэрхшээлийг даван туулахад хангалттай хичээл зүтгэл гаргадаг ч нийгэм, орчны хүчин зүйл эл хөдөлмөрийг нь үнэгүйдүүлдэг гэнэ. Асуудлыг даван туулах, тэсвэрлэх тэдний чадварыг сайжруулахад гэр бүл, ойр тойрныхны дэмжлэг, ижил бэрхшээлтэй ээжүүд хоорондын идэвхтэй харилцаа чухал нөлөөтэй гэж судлаачид үзжээ. Мөн ачааллыг нь бууруулж, хуваалцахын тулд гэр бүлийн бусад гишүүнд чиглэсэн нөлөөллийн ажил хийх, ижил асуудалтай хүмүүсийн нэгдлийг дэмжигч бүлэг хэлбэрээр хөгжүүлэх нь үр дүнтэй гэв. Ээжүүдийг чадавхжуулах, мэдээллийн боловсролыг нь дээшлүүлэх шаардлагатайг ч онцлов.