Яаралтай тусламж хэрэгтэй үедээ, эсвэл эрх нь зөрчигдсөн тохиолдолд иргэд нэн тэргүүнд 102 дугаарын утсанд дуудлага, мэдээлэл өгдөг. Дуудлага, мэдээллийнх нь дагуу гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхээр очсон, эсвэл гудамж, талбайд албан үүргээ гүйцэтгэж буй цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэх, хэл амаар доромжлох, заналхийлэх, биед нь халдах, үйл ажиллагаанд нь санаатай саад учруулах үйлдэл зарим иргэн гаргадаг. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нөхцөл байдлын мэдээнээс харахад үүргээ гүйцэтгэж байсан алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн иргэн Б нь согтуурсан үедээ цагдаагийн ажилтны хамар луу нь мөргөж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зугтсан тохиолдол Булган аймагт гарсан байна. Мөн Хан-Уул дүүргийн нутаг, 120 мянгат орчмын орон сууцын гадаа “Согтуу хүмүүс зодолдоод байна” гэх дуудлагаар очсон цагдаагийн алба хаагчийн хоолойг боож танхайрсан, Дорноговь аймагт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэнийг саатуулсан алба хаагчийн нүүрэн тус газарт цохиж, дүрэмт хувцсыг нь урсан, утсаар заналхийлсэн зэрэг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй таван тохиолдол гарч.
Цагдаагийн алба хаагчийн хууль сахиулах чиг үүргийг хэрэгжүүлэх явцад тавьсан шаардлагыг хүн, хуулийн этгээд биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг уриалсан, үйл ажиллагаанд нь саад учруулсан, хүч хэрэглэхгүйгээр эсэргүүцсэн, доромжилсон үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн “Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах” гэх заалтын дагуу хүнийг 250, хуулийн этгээдийг 2500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хууль үйлчилж байгаа.
Харин хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэгт заасны дагуу эрүүгийн хариуцлага оноодог.
Энэ оны эхний 11 сарын байдлаар хууль сахиулах чиг үүргээ хэрэгжүүлж байсан цагдаагийн алба хаагчийн шаардлагыг биелүүлээгүй, үйл ажиллагаанд нь саад учруулсан, доромжилсон 672 иргэнд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлд заасны дагуу 167 сая гаруй төгрөгийн торгох шийтгэл оноожээ. Харин хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэх 685 гомдол мэдээлэл бүртгэгдэн, 165 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 114-ийг нь шүүхэд шилжүүлэн шийдвэрлүүлэхээр прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.
Д.Дайчин