Нийслэлийн хэмжээний эмнэлгүүд дэх томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг ЭМЯ-наас өчигдөр ээлжит мэдээллээрээ хүргэлээ. Улаанбаатарт ханиад, томууны дэгдэлт алаг цоог хэвээр байгааг нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцоож танилцуулсан. Нийслэлд өнгөрсөн долоо хоногт амбулаторийн 110 000 үзлэг хийсний 8.9 хувь буюу 9788 нь ханиад, томууных байжээ. Тэгвэл Түргэн тусламжийн төвд ийм шалтгаанаар 10 688 иргэн хандсан гэнэ. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 68 хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж. Өдөрт дунджаар 2000 гаруй иргэн ханиад, томууны улмаас түргэн тусламжийн дуудлага өгдөг болжээ.
Амралтын өдрүүдэд нийслэлийн эмнэлгүүдийн амбулаторид 3311 хүүхэд үзүүлсэн бөгөөд энэ нь өнгөрсөн долоо хоногийнхоос 43 хувиар өссөн дүн гэв. Үүнтэй холбоотойгоор энэ сарын 9-15-нд нийслэлийн эмнэлгүүдийн 20 амбулаторид эмч нар уртасгасан цагаар ажилласан байна. Эл хугацаанд эмч нар 3299 хүүхдэд үзлэг хийснээс 211-ийг нь эмнэлэгт хэвтүүлсэн аж.
ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторид дээрх хугацаанд 223 сорьцод шинжилгээ хийхэд 16.9 хувьд нь томууны А хүрээний H1N1, 67.6 хувьд нь өндөр халуурч, бөөлжүүлдэг амьсгалын замын синцитиаль вирус, 15.5 хувьд нь “Ковид-19” илэрчээ. Ханиад, томуутай өвчтөнүүдийн 80 гаруй хувь нь 15 хүртэлх насны хүүхдүүд байгааг албаныхан анхааруулсан. Эдгээр вирусний улмаас хүүхдүүдэд нус гоожих, толгой, булчин өвдөх, үнэр, амт мэдрэхгүй байх, бөөлжих, суулгах, халуурах зэрэг шинж тэмдэг илрэн, богино хугацаанд хүндэрч байгаа тул эмнэлэгт яаралтай хандахыг эцэг, эх, асран хамгаалагч нарт зөвлөв.
О.Ундрах