2024 он улиран одох дөхөж, шинэ жил айсуй. Энэ цаг мөчид 2024 онд их спортоо орхисон алдартай теннисчдийг танилцуулъя.
Рафаель Надаль
Түрүү: Ганцаарчилсан 92, хосын 11
“Их дуулга”-д үзүүлсэн амжилт: 22 удаагийн аварга
Чансааны оргил үзүүлэлт: 1
Хожил, хожигдлын харьцаа: 1161-252
Гол амжилт: “Ролан гаррост”-т 14 удаа түрүүлсэн, 912 долоо хоног шилдэг 10-т багтаж дээд амжилт тогтоосон, олимпын наадамд ганцаарчилсан, хосын төрөлд аваргалсан цор ганц теннисчин.
Испани тамирчны агуу карьерын тухай ихийг өгүүлж болно. Гайхалтай тоон үзүүлэлт, талбай дээрх хөдөлмөрч тоглолт, давуулалтын өмнөх өвөрмөц хөдөлгөөн гэх мэт. Гэвч сүүлийн хэдэн жил өөрт нь садаа болж байсан гэмтлийн улмаас Р.Надаль энэ онд зодог тайлахаас өөр аргагүй болсон юм. Тэрбээр хөгжөөн дэмжигчдэдээ хандаж өөрийг нь “Мальоркагийн жижигхэн тосгоны сайн хүн” хэмээн санан дурсаж байхыг хүссэн билээ.
Энди Маррэй
Түрүү: Ганцаарчилсан 46, хосын 3
“Их дуулга”-д үзүүлсэн амжилт: 3 удаагийн аварга
Чансааны оргил үзүүлэлт: 1
Хожил, хожигдлын харьцаа: 832-290
Гол амжилт: “Их дуулга”-д 77 жилийн дараа түрүүлсэн анхны британи теннисчин, 79 жилийн дараа “Дэвисийн цом”-д шигшээ багаа түрүүлүүлсэн, олимпын наадмын хошой аварга (ганцаарчилсан төрөл) цорын ганц тамирчин.
Их дөрвөлийн хоёр нь спортоо орхисон учраас 2024 он теннисний түүхнээ гунигт жил хэмээн тэмдэглэгдэх нь гарцаагүй биз ээ. Энди спортоо орхихоо таван жилийн өмнө зарлаж байв. Гэвч өнгөрсөн зун энэ тухай албан ёсоор мэдэгдсэн нь нэгэн алтан үе өндөрлөж байгааг теннис сонирхогчдод ойлгуулсан болов уу. Э.Маррэйг маш хөдөлмөрч гэдгээр нь хүмүүс санан дурсана. Эх орондоо болсон Уимблдон, олимпын наадамд түрүүлж, маш хүнд гэмтлийн дараа АТР-ийн тэмцээнд тэргүүлж байснаас нь үүнийг харж болно.
2017 онд гуяндаа авсан гэмтэл нь түүний замналаа төгсгөх шалтгаан болсон юм. Оймсоо өмсөхөд ч хэцүү байгаа тухай Э.Маррэй 2019 оны эхээр өгүүлж байв. Гэвч мөн ондоо Антверпенд болсон АТР тэмцээнд түрүүлснээс гадна 2022 онд дэлхийн чансааны эхний 100, дараа нь 50-д орж ирэв. Хэдий Энди урьдын адил өндөр түвшинд тоглохыг хичээсээр байсан ч өөр нэг хүнд гэмтэл түүнийг “баяртай” гэж хэлэхэд хүргэсэн юм. Парисын олимпын наадам түүний оролцсон сүүлчийн тэмцээн болсон билээ.
Гарбинье Мугуруса
Түрүү: Ганцаарчилсан 10, хосын 5
“Их дуулга”-д үзүүлсэн амжилт: 2 удаагийн аварга, 2 удаа финалд
Чансааны оргил үзүүлэлт: 1
Хожил, хожигдлын харьцаа: 438-236
Гол амжилт: “Их дуулга”, 1000, оны сүүлчийн зэрэг бүх том тэмцээнд түрүүлсэн. “Их дуулга”-ын хоёр тэмцээнд түрүүлж байсан испани бүсгүй 30 насандаа зодог тайллаа. Түүнийг Р.Надаль, Э.Маррэй шиг гэмтэл зовоогоогүй, ердөө л теннисээ орхих ёстой хэмээн шийдээд зодог тайлсан юм. Г.Мугуруса “Их дуулга”-д түрүүлэхдээ эгч, дүү Уильямсыг финалд хожиж байсан содон түүхтэй. Тодруулбал, 2016 онд Парист Серенаг, 2017 онд Лондонд Венусийг ялсан. Улмаар дэлхийн чансааг дөрвөн долоо хоног тэргүүлж байв. 2011 онд сүүлчийн аваргын цомоо хүртжээ.
Анжелик Кербер
Түрүү: 14
“Их дуулга”-д үзүүлсэн амжилт: 3 удаагийн аварга
Чансааны оргил үзүүлэлт: 1
Хожил, хожигдлын харьцаа: 659-375
Гол амжилт: Ш.Графаас хойш “Их дуулга”-д түрүүлсэн анхны герман тамирчин, чансааг тэргүүлсэн хамгийн ахмад эмэгтэй теннисчин.
2011 оны “Америкийн нээлттэй тэмцээн”-ий хагас шигшээд шалгарч огцом тэсрэхээсээ өмнө А.Кербер найман жилийн турш мэргэжлийн тэмцээнүүдэд оролцжээ. Тэр цагаас хойш герман бүсгүй дээд түвшинд маш тогтвортой тоглож, 10 жилийн хугацаанд 14 цомын эзэн болсон. Тэр дундаа гурван жилийн дотор гурван өөр гадаргуутай “Их дуулга”-д түрүүлж байв. Ухаалаг, тэвчээртэй, тоглолтыг олон хувилбартай болгож чаддаг учраас ид үедээ Анжелик өрсөлдөгчдийнхөө хувьд хар дарсан зүүд нь байсан билээ.
Уэсли Коольхоф
Түрүү: Хосын 14
“Их дуулга”-д үзүүлсэн амжилт: “Уимблдон-2023” тэмцээний хос, “Ролан Гаррос-2022” тэмцээний холимог хосын төрлийн аварга
Чансааны оргил үзүүлэлт: 1
Хожил, хожигдлын харьцаа: 309-195
Гол амжилт: 2022 онд дэлхийн чансааг тэргүүлсэн, 2024 онд “Дэвисийн цом”-д финалдсан
Тэрбээр 35 насандаа зодог тайлсан нь хосын төрлийн тамирчны хувьд тун биширмээр амжилт билээ. Голланд тоглогч олон жилийн турш хосын төрөлд тууштай тоглосны эцэст 2022 онд чансааг тэргүүлж, 2023 онд “Их дуулга”-д түрүүлэн зорилгоо биелүүлж байв.
Р.Надалийн адилаар У.Коольхоф өнгөрсөн сард болсон “Дэвисийн цом”-ын финалын үеэр зодог тайлж буйгаа зарласан юм. Гэхдээ Р.Надалиас ялгаатай нь Уэсли сүүлийн улиралдаа таван тэмцээнд түрүүлж, шигшээ багийн хамтаар “Дэвисийн цом”-д аваргалсан.
Эдгээр теннисчдээс гадна Д.Тим, К.Андерсон, Ф.Вердаско, Э.Гулбис, А.Корне, И.Карлович, П.Куэвас, К.Жоржи, Д.Браун зэрэг шилдгүүд 2024 онд их спортыг орхиод байна.