Анагаах ухааны оргил эмчилгээнүүдийн нэг нь эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал билээ. Өндөр технологи, нарийн ур чадвар шаарддаг уг эмчилгээний ард олон улсад ч донорын олдоц, хүрэлцээ, шилжүүлэн суулгах үйл явц, эд, эрхтний наймаатай холбоотой ээдрээтэй, хөндүүр сэдэв мөнхөд дагалддаг.
Манай улс Донорын тухай хуулиа хоёр дахиа шинэчилж, нэг удаа нэмэлт, өөрчлөлт оруулаад ч боловсронгуй болгож чадаагүй, нарийн зохицуулалтгүй, олон нийтэд сурталчилж таниулаагүйн гайг нэгэн эмч өдгөө үүрэх гэж байна. Тодруулбал, Монголд эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг анхлан нэвтрүүлж, хөгжүүлэхэд 30 гаруй жилийн амьдралаа зориулсан, Төрийн шагналт, Гавьяат эмч П.Батчулууныг хүний цус, эд, эс, эрхтнийг хууль бусаар авдаг, “наймаачин” байж болзошгүй гэх мэдээлэл өнгөрсөн оны есдүгээр сард олон нийтэд цацагдсан юм. Хуулийн байгууллагаас үүний дагуу шалгаснаар түүнд Эрүүгийн хуулийн 15.3.2-т заасан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, шүүхэд шилжүүлээд байна. Хурлыг өчигдөр хийхээр товлосон ч хойшлууллаа.
Өнгөрсөнд болсон явдлыг товч сийрүүлбэл, 2023 оны наймдугаар сарын 5-6-нд шилжих шөнө Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 30 настай эмэгтэй автомашины осолд өртсөний улмаас ГССҮТ-д хэвтэн эмчлүүлэх явцдаа мэс заслаа даалгүй, тархи нь үхэжсэн. Улмаар тус эмнэлгээс хуулийн дагуу Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дэргэдэх Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаныханд мэдэгдсэн юм билээ. Тухайн үед П.Батчулуун уг албыг ахалж байв. Өөрөөр хэлбэл, нарийн мэргэжлийн эмч нараас бүрдсэн Тархины үхэл тодорхойлох багийнхны өгсөн мэдээллийн дагуу тархи нь үхэжсэн бүсгүйн ар гэрийнхнийх нь зөвшөөрлөөр хоёр хүнд бөөр, нэг хүнд элэг шилжүүлэн суулгасан аж. Ингэхдээ гэрээ байгуулснаас бусад эс, эдийг талийгаачийн цогцсоос авсан гэдгийг ар гэрийнхэн нь олон нийтэд мэдэгдсэнээр П.Батчулуун “эрхтний наймаачин” болж хувирсан юм. Тэрбээр талийгаачийг донор болгохыг ар гэрийнхнээс нь хүсэж, улмаар зөвшөөрүүлэн, гэрээ хийжээ. Донорын элэг, бөөрнөөс гадна шөрмөс шилжүүлэн суулгах талаар мөн тохиролцсон гэдэг. Тэгвэл Донорын тухай хуульд үүнийг нарийвчлан тусгаагүй, шөрмөс шилжүүлэн суулгахад арын бэхэлгээ холбоос яс, зарим судас давхар авагддаг гэдгийг үйлчлүүлэгч нарт хэлж, анхааруулаагүй нь түүнийг шүүгдэгчийн ширээнд суухад хүргэсэн гэсэн үг. Хууль, шүүхийнхэн эл хэргийг эцэслэн шийдэхээ мэдэгдээд буй.
Үүний улмаас П.Батчулуун тэргүүтэй элэг, бөөр шилжүүлэн суулгах үндэсний багийнхан “эрхтний наймаачид” болж, иргэд ч “Эмч нар амьд хүнийг тархи нь үхэжсэн хэмээн тодорхойлоод элэг, бөөр, зүрх, яс, үе, шөрмөсийг нь зөвшөөрөлгүй авчихдаг, зарчихдаг юм байна” гэх нь тэр. Уг ойлголт олны дунд “үүрээ” нэгэнт гүн бат зассан тул мэргэжлийн эмч, судлаач, эрдэмтэд нь мянга тайлбарлаад ч тусыг олоогүй. Амьгүй донороос эрхтэн шилжүүлэх эмчилгээ ч бүрмөсөн зогсож, мартагдсан гэдгийг Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ)-ийнхэн хэллээ.
Төрийн шагналт, Гавьяат эмч, тус эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн зөвлөх О.Сэргэлэн “Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хийж буй эмч нарыг хамгаалах хууль, эрх зүйн орчин алга. П.Батчулуун эмчийн асуудлаас болж улсын хэмжээнд тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэх мэс засал үндсэндээ зогссон. Манай улс өнгөрсөн хугацаанд эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний ачаар 1000 гаруй хүний амийг авраад байна. Гэтэл эмч нар эцэстээ “эрхтний наймаачид, алуурчид” болж хувирлаа. 400 гаруй өвчтөн зөвхөн элэг шилжүүлэн суулгуулахаар хүлээж байна. Харамсалтай нь, олны дунд ташаа мэдээлэл тарснаас болж кадавр донорын ар гэрийнхэн бидэнд зөвшөөрөл өгөхөө больсон. Шөрмөс шилжүүлэх тохиолдолд бэхэлгээ ясны хэсгүүдийг нь хамт авдаг. Уг эдийг донороос дангаар нь “салгачихвал” ашиглах боломжгүйд хүрнэ. Түүнчлэн зүрх нь зогсоогүй хүнээс эрхтнийг нь авсан гээд л мэдээлсэн. Нэгэнт зүрх нь зогссон цогцос кадавр болж чадахгүй. Монголд өнөөдөр эрхтний наймаа гэдэг зүйл ч байхгүй. Тийм зүйл гарсан тохиолдолд эл эмчилгээг ДЭМБ-аас зогсоодог” хэмээж.
Эрүүл мэндийн хөгжлийн төв (ЭМХТ)-ийн судалгаагаар манай улс 1996-2023 онд эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах нийт 824 мэс засал хийсэн юм байна. Энэ оны үзүүлэлтийг нэмбэл мянга хэдийн давсан гэв. Үүний 84.1 хувь нь эрхтэн шилжүүлэх мэс засал, 3.8 хувийг ясны чөмөг, үүдэл эс, 12.1 хувийг нүдний эвэрлэг болон шөрмөс суулгах хагалгаа эзэлжээ. Эрхтэн “солих” эмчилгээний 47.7 хувь нь бөөр, 52.3 хувь нь элэгнийх бөгөөд эдгээр нь эрэлт, хэрэгцээ өндөртэй, хүлээгдэл ихтэй хэвээр буй аж. ЭМХТ-өөс хийсэн “Эрүүл мэндийн үзүүлэлт -2023” судалгаанд “Монгол Улсад 2008 оноос хойш тархины үхэлтэй донорын илрүүлэг, менежмент, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг хийж байна. Тархины үхлийг тодорхойлох үйл явцыг MNS4621:2008 стандартын дагуу хийдэг. Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба байгуулснаар 2023 онд эрүүл мэндийн 16 байгууллагад Тархины үхэл тодорхойлох баг ажиллуулж байна” гэжээ. Тэдгээр баг дунджаар 9-10 эмч, мэргэжилтний бүрэлдэхүүнтэй байдаг гэнэ. Үүнээс хамгийн олон буюу 15 хүний бүрэлдэхүүнтэй нь Улсын гуравдугаар төв эмнэлгийнх.
Амьд донорын хуулийн зохицуулалт нь 100 хувь сайн дурын үндсэн дээр, өвчтөний ихэвчлэн ойр дотнын хүн нь байдаг тул асуудал, маргаан бараг гардаггүй гэх. Харин кадавр донорын тухайд хуулийн нарийн заалт, гэрээ хийх шаардлагатайг дээрх жишээ баталж буй юм. Донорын тухай хуулийн 15.1, 15.2-т “Тархины үхэлтэй нь тогтоогдсон донороос эс, эд, эрхтэн авахыг зөвшөөрнө. Хуулийн 13.2-т зааснаас бусад амьгүй донороос эс, эд, эрхтэн авахдаа нас барагчийн гэрээслэл, түүний төрсөн эцэг, эх, эхнэр, нөхөр, хамтын гэр бүлийн насанд хүрсэн гишүүний зөвшөөрлийг бичгээр авна”. Мөн 15.3, 15.4-т “Амьгүй донороос эс, эд, эрхтэн авахдаа зүрхний үйл ажиллагааг зохиомлоор удирдана. Донорын эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах ажиллаварт оролцож байгаа буюу өвчтөнийг эмчилж буй эмч багийн бүрэлдэхүүнд орохыг хориглоно” гэжээ. Өөр нарийвчилсан заалт хуульд алга.
Тэгвэл тархины үхэл гэж юуг хэлээд байна вэ гэдгийг энгийнээр тайлбарлая. Хуульд зааснаар тухайн хүн золгүй байдлаар осол, гэмтэлд өртөх, цус харвах, зүрхний шигдээс болсны дараа тархины болон багана хэсгийн үйл ажиллагаа эргэн сэргэхгүйгээр алдагдахыг тархи үхжих гэнэ. Тархины үхэлтэй донор гэдэг нь ийм шалтгаанаар нас барсан хүний амьсгал, зүрхний үйл ажиллагааг зохиомлоор дэмжин, донор болгон шилжүүлэх боломжтой эд, эрхтнийг нь өвчтэй хэн нэгэнд “өгөх” тухай ойлголт аж. Манай улс Донорын тухай хуулиа анх 24 жилийн өмнө баталж, 2012, 2018 онд тус тус шинэчилжээ. Мөн 2022 онд нэмэлт, өөрчлөлт оруулж байв. Хамгийн сүүлд ингэж өөрчлөхдөө эс, эд, эрхтний, тээгч эх, цусны, бэлгийн эсийн донорын эгнээг өргөтгөхөд чиглэсэн цөөнгүй зүйл, заалт оруулж. Шинэчилсэн хуулийг дагаж Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албыг байгуулж, мөн Тархины үхэл тодорхойлох багуудыг эмнэлгүүдэд ажиллуулж эхэлсэн байна.
Яагаад кадавр донорын тоог нэмэгдүүлэх шаардлагатай вэ гэдгийг эмч нар ч хангалттай ярьж хэлдэг. Нэгдүгээрт, дэлхий нийтийн чиг хандлага, ДЭМБ-ын зөвлөмжийг хэрэгжүүлэхийн тулд амьд донорыг эрсдэлд оруулан байж эс, эд, эрхтнийг нь авахаас аль болох татгалзаж буй гэсэн үг. Өвчтэй нэгнийг аврахын тулд эрүүл хүнийг мэс заслын ширээнд хэвтүүлж, өрөөсөн бөөр, элэгнийх нь талыг зүсэж, гэмтээхийг өнөөгийн өндөр хөгжиж буй анагаах ухаанд хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэвч бурхны шашинтай улс орнуудад амьгүй донорын эд, эрхтнийг ашиглах явдал хязгаарлагдмал хэвээр.
Донорын тухай хуулийг 2012 онд шинэчлэхдээ манайх кадавр донорын эрх зүйн орчныг бүрдүүлжээ. Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба өдгөө зургаан хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд салбарын сайдын холбогдох тушаалын дагуу бөөр, элэг, ясны чөмөг, судас, шөрмөс, нүдний эвэрлэг шилжүүлэн суулгах эмчилгээг улсын хэмжээнд нэгдсэн зохион байгуулалт, удирдлага, арга зүйгээр ханган ажилладаг. Монголын эмч нар уг нь амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг 1996 оноос эхлүүлсэн юм билээ. Тухайн үед ийм донороос ихэнхдээ бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийдэг байж. Хагалгаа, эмчилгээ амжилттай болж байсан ч донорын олдоц, хууль, эрх зүйн орчин зэргээс шалтгаалж хүрээг нь төдийлөн тэлж чадаагүй гэдэг. Харин 2013 оноос Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ)-ийнхэн уг эмчилгээг тогтмол хийдэг болов.
Эрүүл мэндийн сайдын 2023 оны А/198 дугаар тушаалын дагуу Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба нь Тархины үхэл тодорхойлох багийнхны баталсан донорын гэр бүлтэй уулзаж, гурван гишүүнээс нь зөвшөөрөл авдаг аж. Багууд 2018-2023 онд тархины үхэлтэй 410 тохиолдол бүртгэж, 223 нь донор болох боломжтой байсан ч 27 гэр бүлээс л зөвшөөрөл авчээ. Улмаар тэдний 24 нь донор болж, үүний ачаар 31 хүнд бөөр, 21 хүнд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийсэн гэнэ. Нэмээд 150 хүнд шөрмөс шилжүүлэн суулгаж, амьдралын чанарыг нь сайжруулсныг УНТЭ-ийнхэн хэлсэн. Тэгвэл өнгөрсөн онд тархины үхэлтэй донор шаардлагатай өвчтөний тоо 1213-т хүрчээ. Гэвч дээр дурдсанчлан хууль, эрх зүйн нарийн зохицуулалтгүйгээс өнөөдөр кадавр донорын мэс засал зогсож, доноргүй олон зуун хүн өвчиндөө шаналж буйг эмч нар сануулсныг эцэст нь тэмдэгдэе.
Ташрамд хэлэхэд, УНТЭ-т бөөр, элэг, ясны чөмөг, үүдэл эс, судас, шөрмөс, Хавдар судлалын үндэсний төвд элэг, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд элэг болон үр шилжүүлэн суулгах мэс заслын тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Улсын I, III төв эмнэлэгт нойр булчирхай шилжүүлэн суулгах баг байгуулан, уг эмчилгээг хийхээр бэлтгэл хангаж буй аж.