МУБИС-ийн Багшийн сургууль болон Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс “Бага ангийн сурагчдын унших чадвар, түүнийг хөгжүүлэх арга зүй” хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгуулав. Багшийн сургуулийн Монгол хэл, нийгмийн ухааны тэнхимийн багш, доктор Д.Ганболд “МУБИС-ийн Монгол хэл, нийгмийн ухааны тэнхимээс үндэсний хэмжээний судалгаануудыг хийдэг. Хамгийн сүүлд 2019-2021 онд тавдугаар ангийн сурагчийн уншиж, ойлгох чадварын судалгаа хийсэн. Улсын хэмжээнд 2500 гаруй хүүхдийг судалгаанд хамруулснаас 32.4 хувь нь уншиж ойлгох чадвартай гэсэн дүн гарсан. Тодруулбал, эхийн гол санааг дүгнэж, илэрхийлэн бичих болон сэтгэгдлээ илэрхийлэх гэсэн хоёр үзүүлэлтэд хүүхдүүд доогуур оноо авсан. Энэ хоёр чадварыг хөгжүүлэхийн тулд багш нарт сургалт явууллаа. Өөрөөр хэлбэл, хүүхдийн уншиж, ойлгох чадварыг багшийн арга зүйгээр дамжуулан хөгжүүлж болно гэсэн үр дүн гарсан” гэв. Харин ирэх онд сорил, даалгавруудыг сайжруулж, шинжлэх ухаан, танин мэдэхүйн эхийг нэмээд улсын хэмжээнд 8000 хүүхдээс судалгаа авах гэнэ. Бага боловсролын хөтөлбөрийг шинэчилж буй бөгөөд үүний хүрээнд ирэх хичээлийн жилээс унших бичгийн хичээлийг сургалтад нэмж магадгүй аж. Багшийн сургуулийн захирал Г.Бямбацэрэн “Багш нарын гаргадаг нийтлэг алдаа нь хүүхдүүдээр ямар нэг эхийг нэг удаа уншуулаад ярилцдаг. Гэтэл судалгааны үр дүнгээр хүүхдүүд нэг удаа уншихад 20, хоёр дахиа уншихад 68 хувьтай ойлгодог гэж гарсан. Иймд уншиж ойлгох чадварыг хөгжүүлэхэд багш нар олон төрлийн арга барил эзэмших шаардлагатай. Гуравдугаар ангийн 100 гаруй багшаас судалгаа авахад сурагчдын уншиж ойлгох чадварыг хөгжүүлэхэд тав хүрэхгүй арга л ашиглаж байна. Үүнийг нэмэх хэрэгтэй. Хүүхэд 1-2 дугаар ангидаа эхлээд зөв, хурдан уншдаг болох нь чухал. Харин гуравдугаар ангиас уншсан эхийн талаар тэмдэглэл хөтөлж, мэдэхгүй үгээ ялгах, мэдээллийг ангилах зэрэг чадварт суралцдаг” гэв.
Ч.Болор