Дотоод хэргийн Их сургуулийн түүхт 90 жилийн ойн хүрээнд Шинжлэн магадлах ухааны сургууль, Цагдаагийн сургууль хамтран Их сургуулийн сургалтын орчин, хэрэглэгдэхүүнийг сайжруулах зорилгоор Криминалистикийн сургалт-танин мэдэхүйн танхим буюу “Гэмт хэргийн музей”-н үйл ажиллагааг өчигдөр /2024.12.13/ эхлүүллээ. Энэхүү музейг криминалистикийн түүх, гэмт хэрэг илрүүлэх техник, тактик, арга зүйг багтаасан үзмэр, самбар, макет, диорамаас бүрдсэн 3 танхимтайгаар байгуулсан юм.
Криминалистикийн сургалт-танин мэдэхүйн танхимд “Шинжлэн магадлах ухаан”, “Цагдаа судлал”, “Мөрдөх алба”, “Эрх зүй”, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэл”, “Гамшиг судлал” зэрэг хөтөлбөрт заадаг мэргэжлийн хичээлүүдийн дасгалын хичээл, сургалтыг зохион байгуулах ба хуулийн бусад их, дээд сургуулийн оюутан, тодорхой тохиолдолд нийтэд дэлгэн үзүүлэх боломжтой юм. Тус музейг байгуулах ажлын хэсгийн даргаар, Их сургуулийн Тэргүүн дэд захирал, доктор (Ph.D), профессор, цагдаагийн хурандаа Д.Эрдэнэбаатар, нарийн бичгийн даргаар доктор (Ph.D), цагдаагийн дэд хурандаа З.Сүлд, зөвлөхөөр доктор (Ph.D), профессор Б.Бат-Эрдэнэ, доктор (Ph.D), профессор Т.Очирбат, Монгол цэргийн музейн эрдэм шинжилгээний ажилтан, бэлтгэл дэд хурандаа Л.Гантөмөр нар ажиллалаа.
Гэмт хэргийн музейн сан хөмрөгт одоогоор нийт 200 шахам үзүүллэгийн зүйлийг ахмад мөрдөгч, шинжээч болон багш, алба хаагчдаас шилжүүлээд байна.