Сэтгэцэд нөлөөт эм их хэмжээгээр хилээр нэвтрүүлэх гэж байсан хоёр ч тохиолдлыг гаалийнхан илрүүлэн холбогдох байгууллагад шалгуулахаар шилжүүллээ. Сэлэнгэ аймаг дахь Алтанбулагийн боомтоор ОХУ-аас орж ирсэн манай улсын харьяат иргэдийн бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт шалгалт хийхэд их хэмжээний эмийг ундаа, шүүсний сав, жигнэмгийн хайрцаг болон биедээ нууж нэвтрүүлэхийг завдсан байна. Тодруулбал, “Тоёота” загварын суудлын автомашинаар зорчиж, хилээр орж ирсэн иргэдийн ачааг тус боомтод үүрэг гүйцэтгэж байсан Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн байцаагч нар шалгахад “Gold 100%” ундааны 10, “Чокопай” жигнэмгийн зургаа, өглөөний хоолны 10 хайрцагт 24 нэр, төрлийн эм нуусныг илрүүлсэн аж. Өдгөө энэ үйлдлийг тагнуул, цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгуулж эхэлсэн гэнэ.
Үүнээс гадна өөр өдөр орж ирсэн хүмүүс мөн л их хэмжээний эм нэвтрүүлэхийг завдсан аж. Тэдгээрийн дотор өвчин намдаах үйлчилгээтэй, эмчийн жороор олгодог, сэтгэцэд нөлөөтэй эм их хэмжээгээр байжээ.
Хилээр хууль бусаар, нууцаар нэвтрүүлэхийг завдсан энэ хоёр тохиолдлын золиос нь хүүхэд залуус байж ч болох. Сэтгэцэд нөлөөт эмийг мансуурах зорилгоор тунг нь хэтрүүлэн хэрэглэснээс болж гар, хөлөө тайруулах, амиа алдах тохиолдол ч гарсныг цагдаагийн байгууллага цаг тухайд нь шалгаж, иргэдэд сэрэмжлүүлж байсан. Магадгүй хууль бусаар худалдах зорилгоор, баталгаагүй газраас дээрх хоёр хэргийн холбогдогч нар бөөнөөр нь худалдан оруулж ирсэн байж болзошгүй юм.
Тиймээс иргэд улсын хилээр зорчихдоо хувийн хэрэглээнээс хэтэрсэн эм, бэлдмэл авч явахгүй, дамжуулахгүй, тээвэрлэхгүй байхыг гаалийн байгууллагаас анхаарууллаа.