Дорнод аймгийн Дашбалбар сумд Буриад өв соёл судлалын музей ашиглалтад оруулахад бэлэн болсныг тус нутагт ажиллаад ирсэн аялал жуулчлалын мэргэжилтнүүд мэдээллээ. Музей барих санаачилгыг сумын ЗДТГ-аас 2019 онд гаргаж, зураг төслийг нь боловсруулан, шав тавьсан бөгөөд коронавирус цар тахал, эдийн засгийн хүндрэлээс улбаатайгаар ажил нь хойшилсоор өнөөдрийг хүрчээ. Одоо музейн дотоод засал чимэглэл, тохижилтыг хийж буй гэнэ.
Буриад өв соёл судлалын музейг Дашбалбар сумын хуучин музейн сан хөмрөгт тулгуурлан байгуулахаар төлөвлөсөн. Эл сум дахь музей нь үзмэрийн сан хөмрөгөөрөө баялагт тооцогддог бөгөөд Ардын зураач Г.Одонгийн эх бүтээлүүд, археологийн ховор олдворууд, буриад зоны өв соёл, ахуй амьдралтай холбоотой олон арван эдлэл хэрэглэлийг тэнд хадгалж ирсэн аж. Тэгвэл шинэ музейд эдгээрийг төрөлжүүлж, арвижуулан байршуулахаар зэхэж байна.
Музейн барилгыг “Элтрүүд” ХХК барьжээ. Барилгын гаднах хананд буриад ястныг бүрдүүлдэг Хори хэмээх гол овогт харьяалагддаг Галзууд, Хуасай, Батанай, Сагаангууд, Хальбан, Бодонгууд зэрэг аймгийн нэрийг кирил, монгол бичгээр сийлж, бэлгэдэл бүхий дүрс зургаар чимсэн нь архитектурын хувьд өвөрмөц шийдэл болжээ.
Н.Мишээл