Чингэлтэй дүүргийн найм, 17, 23 дугаар хорооны нутаг дэвсгэр зарим хэсэгт их хэмжээний халиа, тошин үүссэн байна. Хөрснөөс ус нэвчиж, айл өрхийн хашаа, нийтийн эзэмшлийн талбай руу хальж мөстөөд буй аж. Иймд тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийнхэн иргэдэд эрсдэлээс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа хангах талаар заавар, зөвлөмж уржигдар өгсөн гэнэ.
Хөрсний ус их хэмжээгээр нэвчсэн анхны тохиолдол энэ биш юм байна. Тус дүүргийн 23 дугаар хорооны Засаг дарга Ц.Эрдэнэбадрах “Жил болгон л хөрсний ус нэвчдэг. Энэ жил цаг агаар харьцангуй дулаахан байгаатай холбоотойгоор хөрсний ус их гараад байна. Одоогоор 2-3 айлын хашаа руу ус орж, хөлдсөн. Тухайлбал, Баянхайрханы болон Зүрх уулын гудамжинд эрсдэлтэй нөхцөл байдал үүслээ. Ихэнх хэсэгт мөсний зузаан 10 см орчим байгаа. Цаашид улам л нэмэгдэх төлөвтэй. Айлуудын хашааны хаалга орчимд мөстсөнөөс орж, гарахад хүндрэлтэй болсон” гэсэн юм.
Өмнө нь халиа, тошин үүссэн үед трактораар мөсийг ухаж, далан босгох зэргээр хариу арга хэмжээ авдаг байж. Харин өнөө жилийн хувьд ус хангалттай хэмжээнд хөлдөөгүй учраас ийм зохицуулалт хийхэд хүндрэлтэй гэнэ. Мөн жил бүр өөр өөр газраас ус нэвчиж буйгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахад хүндрэлтэй болжээ. Мөн эрсдэлтэй бүс дэх айлуудад нүүх шаардлага тавьж байна.
Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны хувьд жалга дагуу халиа, тошин үүссэн гэнэ. Тэнд хөрсний усыг соруулах, далан босгох зэрэг ажлыг хийж буй аж.
А.Үүл