Мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн багшийг мэргэшүүлэх сургалтыг Боловсролын ерөнхий газраас зохион байгуулж буй бөгөөд энэ сарын 20 хүртэл үргэлжлэх юм байна. Сургалтад Монгол-Солонгосын, Үйлдвэрлэл, урлалын, Техник, технологийн болон “Шинэ иргэншил” гэсэн политехник коллежийн дөрвөн мэргэжлийн 160 орчим багш хамрагдаж буй гэнэ. Дэлхийн ур чадварын уралдааны агуулга, үнэлгээний стандартыг мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын хөтөлбөрт тусгах, эксперт багш нарын туршлагыг түгээн дэлгэрүүлэх нь сургалтын зорилго аж. Тиймээс дэлхийн ур чадварын уралдааны эксперт багш нар сургалтыг явуулж буй гэнэ. Тухайлбал, эксперт багш А.Анхбаяр барилгын бүтээц угсралт, мужаан, Л.Одгэрэл үс засалт, Ц.Цэвэлсүрэн хэвлэлийн график дизайн, С.Өлзийсайхан механикжсан тээврийн хэрэгсэл засвар, үйлчилгээ гэсэн сэдвээр мэргэжлийн сургалтыг зохион байгуулж байна. Ташрамд дурдахад, Боловсролын ерөнхий хуульд “Багш, ажилтны мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулж, мэргэжлийн тасралтгүй хөгжлийг хангахад дэмжлэг үзүүлэх” гэж заасан байдаг.
Ч.Туяа