Олны танил хүмүүсийн ёс зүйгүй үйлдэл иргэдийг бухимдуулж, бас хүүхэд, залууст буруу үлгэр дуурайл үзүүлж байна. Жишээ нь, “Этик” продакшны жүжигчин С.Одбаярын бусдыг цохиж гэмтээж буй дүрс бичлэг уржигдар цахим орчинд тархав. Үүний дагуу цагдаагийн байгууллагаас шалгаж буй юм билээ. Мөн Roockie нэрээрээ олон нийтэд танигдсан реппер У.Мөнхбагана CU сүлжээ дэлгүүрийн ажилтанд зохисгүй хандсан талаарх бичлэг өнгөрсөн сард цацагдаад байв. Зөрчлийн тухай хуулийн дагуу түүнийг 100 000 төгрөгөөр торгосон юм билээ. Мөн их сургуульд суралцаж байх хугацаандаа үеийнхнийгээ дээрэлхэж байсан гэх хэрэгт жүжигчин Т.Бадамжав, Б.Мишээл, Б.Номин нар ч холбогдож байв. Үүнийг цагдаагийн байгууллагынхан шалгалт явуулж буй гэснээр энэ хэрэг мартагдсан. Түүнчлэн Ерөнхий сайдын залуучуудын асуудал эрхэлсэн зөвлөх Б.Гантулга буюу реппер Сексцагаанбогдын найз бүсгүйгээ цохиж буй бичлэг ч нийгмийн сүлжээнд тархсан удаатай. Залуучуудын дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэх, үлгэр дуурайл үзүүлэх ёстой тэрбээр уг үйлдэлдээ гэмшихгүй байгаа тухайгаа цахим сүлжээгээрээ хуваалцсан нь бүр ч хачирхалтай. Уг үйл явдал нь түүний ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээр өндөрлөсөн. Энэ мэтчилэн олон жишээг дурдаж болно.
Тэгвэл олны танил хүмүүсийн нийгмийн сүлжээнд нийтэлж буй зүйлд яагаад анхаарал хандуулах хэрэгтэй вэ гэдэг асуулт урган гарна. Энэ талаар МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн зөвлөх профессор, доктор Р.Дарьхүү манай сонинд өгсөн ярилцлагадаа “Олны танил хүмүүсийн зохисгүй үйлдэл нийгмийн ёс суртахууныг доройтуулахад нөлөөлдөг” тухай онцолж байсан юм. Зөвхөн цахим сүлжээнд ч бус, хувь хүний ёс суртахуунд анхаарал хандуулах цаг хэдийн болжээ. Олон нийтэд танигдсан хүмүүс биеэ зөв авч явахад анхаарал хандуулах хэрэгтэй байна.
А.Үүл