Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн гуравдугаар бүлгийн 3.7 дахь зүйлийн З хэсэгт “Тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах, тусгаарлах зурвас, аюулгүйн арал, таримал зүлгээр явах, хориглолт тогтоосон зам, талбай, ажлын талбар луу дур мэдэн нэвтрэх, шинэ зам гаргах, байгаль орчин, газрын хөрс, хадлан, тариалангийн талбай, ой модыг гэмтээх, гол мөрөн, нуур, булаг, хиймэл усан байгууламжийг бохирдуулахыг хориглоно” гэж заасан байдаг аж. Гэвч жолооч нар өвлийн цагт гол, нууран дээгүүр дур мэдэн зорчиж, өөрсдийгөө эрсдэлд оруулаад зогсохгүй байгаль орчин бохирдуулах нь ихэсжээ. Үүнтэй холбогдуулан Туул голын сав газрын захиргаанаас энэ төрлийн зөрчлийг таслан зогсоох арга хэмжээг хариуцсан нутаг дэвсгэртээ зохион байгуулж эхэлсэн байна. Түүнчлэн эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс Туул голын онцгой хамгаалалтын бүс бүхий газруудад тээврийн хэрэгсэл нэвтрэхийг хориглосон хаалт, хашлага хийж буй гэнэ.
Н.Мишээл