УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан өнгөрсөн аравдугаар сард болсон орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн пиарыг чин сэтгэлээсээ, нэр төртэйгөөр хийж дууссанаас хойш нам жим байна. Өдгөө тойргийнхоо сонгогчдыг зугаацуулан баясгасан шигээ л амар жимэр сууж буй бололтой. Саяхан л гэхэд Баянзүрх дүүргийн багш нарын дунд “Боловсрол кап” спортын наадам тав дахь жилдээ болоход оролцож явсан. Бас дүүргийн нийт сургууль, цэцэрлэгийн багш нараа хүндэтгэн, “Багш нараа дэмжье” гэх арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгуулсан гэнэ. Мөн дүүргийнхээ 16 дугаар хорооны ажилтан, албан хаагчид, иргэдийг Төрийн ордонтой танилцуулсан байх жишээтэй. Уг нь тэрбээр энэ мэт аар саар зүйлтэй “орооцолдох” бус, Улаанбаатараа хөгжүүлнэ, хотын реформ хийнэ гэж байлаа. Гэвч том мөрөөдлүүд нь замхраад, парламентын “хэлгүй” гишүүдийн нэг болчхов.
76 гишүүнтэй өмнөх парламентад хотын гэх тодотголтой албан бус бүлэг байсан. Улаанбаатараас сонгогдсон 24 гишүүнийг үүнд хамааруулж байсан хэрэг л дээ. Дарга нь Э.Бат-Амгалан байлаа. Тэрбээр нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазартай “дөрөө харшуулж”, хотын бүлэг гээчийг УИХ-д албан бусаар үүсгэн байгуулж, Улаанбаатарыг тэнгэрт тултал нь хөгжүүлнэ хэмээн пиар хийж явсан нь саяхан. Улмаар УИХ-д Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн асуудал хариуцсан түр хороог 2021 онд байгуулахад даргаар нь сонгогдож байлаа. Сүржин нэртэй, даржин даргатай бүлэг, хороо нь хотын амьдралыг сайжруулж, урагшлуулах биш, харин ч гацааж, ухраасан байх талтай.
Бараг л хотын даргын УИХ дахь бие төлөөлөгчөөр ажилласныхаа үр дүнд Э.Бат-Амгалан парламентад хоёр дахь удаагаа сонгогдох замаа зассан гэхэд болно. УИХ-ын ес дэх удаагийн сонгуулиар тэрбээр наймдугаар тойрог буюу төрөлх хэмээн нутгархдаг Баянзүрх дүүргээсээ нэр дэвшсэн. “Би Баянзүрх дүүрэгт төрж, өссөн. Ажил амьдрал, бизнесээ ч энэ дүүргээсээ эхлүүлсэн. Дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр хоёр удаа сонгогдож байсан. Бас энэ дүүргийнхээ сонгогчдын итгэлээр нийслэлийн ИТХ-д сонгогдож, дараа нь УИХ-ын гишүүн болсон” гэж тэрбээр Баянзүрх дүүргийнхэндээ байнга “хайр зарласаар” ирсэн юм.
Сонгуулийн сурталчилгааны хугацаанд Э.Бат-Амгалан ичиж, санаа зовох ч үгүйгээр өөрийгөө “Хотын реформыг санаачлагч” хэмээн магтаж байлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүртэл түүнийг “Дагуул хотын төсөл, “20 минутын хот”, метро байгуулах зэрэг тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэх цогц реформыг Э.Бат-Амгалан, түүний баг манлайлна” гэх зэргээр хэтэрхий дээш “шидсэн” нь бий. Нэр дэвшигчид ер нь юу ч гэж худлаа ярьж, сонгогчдоо хуурч болдгийн жишээ нь энэ.
Ер нь Э.Бат-Амгалан Улаанбаатар хотын асуудлуудыг шийдэхэд ямар үүрэг гүйцэтгэсэн юм бэ. Энэ асуултад тэрбээр өөрөө “2020 онд УИХ-ын гишүүн болсон даруйдаа Улаанбаатараас сонгогдсон 24 гишүүнийг хотын хөгжил, хууль, эрх зүйн түгжээг тайлахын тулд нам харгалзалгүй нэгтгэж, хөгжлийн бодлого эрхэлсэн түр хороог байгуулсан. Түр хороогоор дамжуулж Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлуулж чадсан юм. Ингэснээр хотын удирдлагуудын домог мэт яригддаг байсан метрог ажил хэрэг болгож эхэлсэн. Хэрэв хууль батлагдаагүй бол метро поп улс төрчдийн ярианы сэдэв хэвээрээ үлдэх байсан биз ээ. Энэ бол миний, бидний хийсэн том ажил” гэж хариулж байжээ.
Гэвч Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлуулсны үр шимийг хүртсэн иргэн хотод нэг ч байхгүй. Хууль батлуулаад хөгжчихдөг ч юм биш, үүнээс гадна шийдэх зүйл олон байдгийг 10 гаруй жил орон нутгийн удирдлагын байгууллагад ажилласан хүн ойлгоогүй яваа нь хөгжлийн түгжээ гэлтэй. Тэгээд ч дээрх хууль нь ганцхан өөртөө наагаад байх зүйл биш, хотын өмнөх болон одоогийн удирдлагуудын хүчин чармайлт орсон нь дамжиггүй.
М.Оч