Оны шилдэг улс төрч, төр, нийгмийн зүтгэлтэн, хөгжилд түүчээлэгчид удахгүй “төрөн гарах” юм биш биз. Шинэ он хаяанд ирсэнтэй холбоотойгоор байгууллага, аж ахуйн нэгжүүд шилдгээ шалгаруулаад эхэлсэн. Үүнийг дагаад дарга нар ч нэгнээ шагнаж, шилдгүүдээ тодруулах вий гэж айж, ичих юм. Ийм туршлага тэдэнд арвин учраас тэр.
Шилдэг 50, 100 улс төрчийг шалгаруулж, дарга нар нэгнийгээ шагнах зорилготой олон ёслол зохион байгуулдаг уламжлал эрх баригчдад бий. Утаа, түгжрэлдээ ялагдсан Улаанбаатар хотын дарга нар ч нэгнийгээ шилдгээр тодруулан шагнаж магадгүй. Саяхан буюу өнгөрсөн аравдугаар сарын сүүлчээр тохиосон нийслэлийн 385 жилийн ойгоор хийсэн ажилгүй, дурсагдах гавьяагүй өчнөөн хүнийг шагнасан тохиолдол ч байна. “Утааг ялав” гэсэн сурталчилгаа хийж, нийслэлийн ИТХ-д сонгогдон, улмаар дарга нь болсон, одоо ч хотын парламентад сууж буй Ж.Батбаясгалан хүртэл тэдний дунд багтаж, нийслэлийн дээд шагнал “Хангарди” хэмээх одон хүртсэн байх жишээтэй.
Улсын хөгжил улам уруудаж, иргэдийн аж амьдрал бүр л дордсоор. Эмнэлгүүд өвдсөн хүүхдүүдийг багтааж дийлэхгүйд хүрч, багш нар утаа, ханиад томууны улмаас цалинтай чөлөө хүслээ. Утаанд байж сууж чадахгүйд хүрсэн иргэд арга ядсандаа нийтийн сонсгол хийх санаачилга гаргав. Ийм байхад шилдэг улс төрч, эдийн засагч, нийгмийн зүтгэлтэн шалгаруулах нь дэлхийд гайхагдах гутамшигт үйл явдал болно. Тэгээд ч улс орноо цөлмөн доройтуулж байгаа дарга нар нэгнээ шилдгээр тодруулан баясацгаах нь арай ядан амьдарч буй иргэдийн хувьд юутай ч зүйрлэмгүй доромжлол юм. Бодит байдалд хамгийн их мөнгө үрсэн, өндөр татвар авах санаачилга гаргасан, хотоо богино хугацаанд сүйтгэсэн, утгагүй, хэрэггүй ажил олныг санаачилсан зэрэг “шагнал” л манай дарга нарт яг тохирно.
М.ОЧ